Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Мэдлэгээ дээшлүүлье-Санхүүгээ удирдъя” санхүүгийн салбарын өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Өдөрлөгийн нээлтэд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, дэд дарга Т.Цэрэнбадрал болон олон улсын байгууллагын төлөөлөл, санхүүгийн салбарын холбоод, мэргэжлийн байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцов.
Нээлтийн үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц хэлсэн үгэндээ санхүүгийн зах зээлийн хөгжил нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн боломжийг өргөжүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чухал хүчин зүйл болохыг онцоллоо. Тэрбээр Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай салбаруудын нийт хөрөнгө, зах зээлийн үнэлгээ дотоодын нийт бүтээгдэхүүний 27.1 хувьтай тэнцэх хэмжээнд хүрснийг дурдаад, энэ нь санхүүгийн зах зээлийн эдийн засаг дахь ач холбогдол улам бүр нэмэгдэж байгааг илэрхийлж буйг тэмдэглэв. Мөн иргэд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, боломж, эрсдэлийг зөв ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах нь санхүүгийн тогтвортой байдлын үндэс болохыг онцолж, санхүүгийн мэдлэгтэй, мэдээлэлтэй хэрэглэгч олон байх тусам зах зээл илүү хариуцлагатай, тогтвортой хөгждөг болохыг дурдсан юм.
Өдөрлөгт үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, үл хөдлөх хөрөнгө, үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын холбоод болон бусад оролцогч 34 байгууллага үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа. Түүнчлэн иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа, түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх, өвлүүлэхтэй холбоотой асуудал, зээлийн мэдээллийн сангийн талаар мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авч, сонирхсон асуултдаа хариулт авсан бөгөөд санхүүгийн боловсрол, хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх боломж бүрдлээ.
Санхүүгийн салбарын нээлттэй өдөрлөг нь санхүүгийн салбарын талаарх ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хөрөнгө оруулагч, харилцагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, төр, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.
| СЗХ: Санхүүгийн боловсролыг түгээх нээлттэй өдөрлөг болж байна | ||
| Үзсэн: 68 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.