
Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг танилцуулсан юм.
Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Пүрэвдорж, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Ийнхүү “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.4 хувь нь дэмжлээ.
Улсын Их Хурлын дарга дээрх тогтоолын төслийн эцсийн найруулгыг уншиж танилцуулсны дараа “Ажлын хэсэг цаг хугацааны нэлээн шахуу нөхцөлд тодорхой бодлого, чиглэл, шийдвэрийг гаргаж байгаа. Анхнаасаа Байнгын хороо ингэж тогтоолын төслийг боловсруулж, хоёр байнгын хороо хамтарч хэлэлцлээ. Хамгийн гол нь энэ тогтоолын дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрүүдийг шуурхайлах нь чухал. Та бүгдийн мэдэж байгаачлан 2017 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Улсын Их Хурлын даргын захирамж гарч Улсын Их Хурал агаарын бохирдлын асуудлаар өмнө нь энэ чиглэлээр гарсан шийдвэрүүдийн хэрэгжилт, биелэлт, явц байдалд дүгнэлт хийж, цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар хэлэлцэн Засгийн газарт чиглэл өгөх баримт бичгийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсныг Ё.Баатарбилэг гишүүн ахлан ажиллаж байна. Энэ Ажлын хэсэг баталсан хуваарийнхаа дагуу нэгдүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн их байгаа газруудад мэргэжлийн байгууллагынхантай хамт ажиллана. Мөн энэ Ажлын хэсгийн ажиллах хугацаанд Засгийн газар, шинжлэх ухааны байгууллагуудын гаргасан санал дүгнэлт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонссон. Үүний үр дүнд агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхээс гадна нийслэлийн хөрс, усны бохирдлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлага үүссэн болохыг, мөн зөвхөн Улаанбаатар хот төдийгүй улсын хэмжээнд аймгийн төвүүд, төвлөрсөн суурьшлын бүсүүдийн хэмжээнд агаар, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх шаардлага үүссэн гэдгийг тодорхойлон Улсын Их Хуралд холбогдох материал, мэдээллийг танилцуулсан” гэлээ. Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч агаарын бохирдлын өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн онц байдал зарлах саналыг Улсын Их Хуралд ирүүлсэн гэдгийг дурдаад Ажлын хэсэг энэ талаарх эрх зүйн орчныг судлаад Онц байдлын тухай хуулийн хүрээнд өнөөдөр онц байдал зарлах боломжгүйг танилцуулсан болохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдэд мэдээлэв.
Гэхдээ Улсын Их Хурал, Засгийн газар болон орон нутгийн төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагууд энэ асуудлыг онц байдал, гамшгийн хэмжээнд үзэж ажиллаж байгаа гэдгийг тэмдэглэсэн. Агаарын бохирдол тэр дундаа утаатай төр засгийн байгууллагуудаас гадна бүх нийтээр тэмцэн, эргэлт гаргахуйц арга хэмжээг хэрэгжүүлснээр үр дүн гарах нь ойлгомжтой гээд “Хариуцлагын тогтолцоог сайжруулах ёстой. Батлагдсан тогтоолоор агаарын бохирдлын талаарх хууль эрх зүйн орчныг шинэчлэх, энэ төрлийн үйл ажиллагааны хариуцлагын тогтолцоог чангатгасан зохицуулалт бүхий холбогдох төслүүдийг 2018 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар чиглэл өгсөн. ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу Улсын Их Хурлын байнгын хороодын гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилт, явцын талаар хоёрдугаар сарын 01-ний дотор Засгийн газар Улсын Их Хуралд танилцуулах үүрэг хүлээж байна.
Нөгөөтэйгүүр, сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулсан хөрөнгө, санхүүжилтийн үр ашгийг үргэлжлүүлэн хянаж шалгах шаардлагатай учир үүнийг ажлынхаа төлөвлөгөө, хуваарьт оруулах нь зүйтэй гэдэг саналыг Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэгт хэлье. Онцолж хэлэх өөр нэг зүйл гэвэл агаарын бохирдлын асуудлаар гаргасан энэ шийдвэрийн дагуу Засгийн газар тодорхой шийдлийг олж, түүнийгээ тогтвортой хэрэгжүүлэн үр дүн гаргах чиглэлээр ажиллах шаардлагатай байгаа юм. Гаргасан шийдлээ ойр ойрхон өөрчилдөг байдлаас үүдэн урьд өмнө агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд ямар ч үр дүнд хүрдэггүй” хэмээн анхааруулсан юм.
2000 онд Засгийн газар агаарын бохирдлын асуудал хэтдээ хүндэрч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжгүй болгох нь ээ гэж үзээд түлшний бүтцэд өөрчлөлт хийх үү, эсвэл зуухыг өөрчлөх үү гэдэг дээр шийдэл гаргах болсон талаар хэлээд “Тэр үед би хотын захирагч байсан, Дэд бүтцийн сайд бид хоёр түлшний бүтцийг өөрчлөх нь оновчтой шийдэл гэсэн байр суурьтай байсан. Харин шийдвэр гаргахдаа зуухыг өөрчлөх шийдлийг сонгосон бөгөөд тухайн үед Засгийн газрын нөөцөөс 60 орчим сая төгрөг гарган олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Энэ мэт өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн, хийсэн ажлуудаас харахад оновтой шийдлийг олж, тогтвортой хэрэгжүүлэх нь чухал гэдгийг анхаарах ёстой. Мөн иргэдийн амьжиргааны түвшинтэй холбож, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг ядуурлыг бууруулах асуудалтай холбож уямаар байна. Иргэд гэр орноо дулаалах тоног төхөөрөмж, материалыг авах орлого, санхүүгийн боломжтой болж байж агаар, орчны бохирдлыг шийднэ.
Амьжиргаа хүнд байгаа иргэдийн хувьд агаар орчны бохирдолд анхаарч чадахгүй, өдөр тутмын амьдралын асуудал нь нэгдүгээр зэргийн асуудал байгаа юм. Үүнээс үүдэлтэй агаарын бохирдол нэмэгдэж байна гэлээ. Улсын Их Хурлын дарга төгсгөлд нь нүүрснээс шингэн болон шахмал түлш үйлдвэрлэх ажлуудыг үргэлжлүүлэн, эрчимжүүлэхэд Засгийн газар анхаарч, ажиллах шаардлагатайг сануулав.
Агаарын бохирдлыг бууруулах, арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол батлагдав | ||
Үзсэн: 1378 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.