Шууд Chart

Сэтгүүлзүйн сод хүмүүс: Уильям Рендольф Хёрст

2020-07-07 09:32:54

Уильям Рендольф Хёрст 1863 оны дөрөвдүгээр сарын 20-нд Сан-Франциско хотноо мэндэлжээ. Дээдсийнхний дэг жаягаар амьдардаг, язгууртан гаралтай, боловсролтой чинээлэг ээж нь хүүгээ сонгодог боловсрол олгуулахыг түүний эцэг Жозеф Хёрстоос байнга шаарддаг байжээ. Уильям дунд сургуулиа дүүргээд их сургуульд оржээ. Тэр үед түүний авьяас тодорч сургуулийнхаа “The Harvard Lampoon” буюу Гарвордын шог сонины эрхлэгч болж энэ салбартаа чамгүй амжилтад хүрсэн байна. 1884 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “The Harvard Lampoon”-ы  сурталчилж байсан Гровер Кливленд сонгуульд ялалт байгуулсныг Уильям сургуулийнхаа хэмжээнд дэндүү сүр дуулиантай тэмдэглэсний улмаас сургуулийн захиргаа түүүнийг хэсэг хугацаанд хичээлд суухыг хоригложээ. Тэрээр энэхүү шийдвэрээс болж сэтгүүлч болохоор тууштай шийджээ.

Сурлага хичээлээсээ улам хөндийрсөн түүнийг 1886 онд Гарвардаас хассан байна. Түүний аав хүүдээ 1887 онд Сан-Францискод эргэж ирэхэд нь бэлэг болгон “The San-Francisco Examiner” буюу “Сан-Францискогийн ажиглагч” сонинг худалдан авч өгчээ. Уильям сонины эзэн болоод, юуны түрүүнд “хэвлэлийн хаан” Жозеф Пулитцерийн арга барил, эрхлэн гаргадаг “The New York World” сониныг нь иж бүрэн судалжээ. Харин энэ хоёр бол тэс өөр хүмүүс юм. Саятан эцэг, эхээрээ хязгааргүй санхүүжүүлэгддэг Уильям, Пулитцер шиг бүхнийг тэгээс эхлээгүй бөгөөд мөнгөний хувьд гачигдах зүйл гарсангүй. Авьяаслаг редактор, сурвалжлагчдыг өндөр үнээр хөлслөх болсон Хёрстын “The San-francisco Examiner” удалгүй өөрсдийн гэсэн уншигчидтай болов. Ж.Пулитцерийн адил У.Хёрст нийгмийн сөрөг үзэгдлийг эрс хатуу шүүмжилж эхэлсэн. Өөрийгөө радикал ардчилсан үзэлтэн гэж зарладаг тэрээр сониноо мөнгө хайрлалгүй сурталчилж амжилтад хүрчээ. У.Хёрст Америкийн хэд хэдэн томоохон хотод ялангуяа Нью-Иоркод өөрийн сонинтой болохыг хүсч байжээ.

Тэрээр Пулитцерийн байр суурийг эзлэн авах тулаанаа түүний дүү Альбертийн нэг дугаар нь нэг центээр борлогддог өдөр тутмын “The morning Journal” сонинг 1895 онд 180 мянган доллараар худалдан авч эхэлжээ. Энэ тулаанд нь түүний байнгын туслагч ээж нь хөрөнгө оруулсан байна. Хёрст ээжийнхээ өгсөн 7.5 сая долларыг эргэлтэд оруулж худалдан авсан сониноо сурталчилж Пулитцерийн шилдэг сэтгүүлчдэд  өндөр хөлс амлан өөртөө татаж байжээ. Өөрт байсан мөнгө болон ээжийнх нь өгсөн мөнгө дуусдагийн даваан дээр “The morning Journal” сонин дөнгөж ашиг олж эхэлжээ. Пулитцер Хёрстын сонинг зургаан сарын дараа дампуурна гэж байсан  нь бурууджээ. Хёрст зургаан сарын дотор “The morning Journal” сонинг Нью-Иоркийн зах зээлийг хязгааргүй эзэмшигч “The New York World”-той өрсөлдөж чадахаа хүн бүхэнд батлан харуулжээ. Хёрст шинэ зүйл бүтээгээгүй бөгөөд Пулитцерийн үйл ажиллагааг хуулбарлагч байв.

Гэхдээ тэрээр Пулитцерийн санааг илүү эрч хүчтэй хэрэгжүүлж амжилтад хүрч чаджээ. Тэрээр сексийн шинжтэй гэмт хэргийг сониндоо түлхүү тусгаж байв. “The morning Journal”-ын дугааруудад “Тэр бүсгүй үхлийн харайлт хийв”, “Амьдаар нь оршуулав” зэрэг нийтлэлээр дүүрэв. У.Хёрст сенсацит сэтгүүл зүйг амралтын өдрийн дугаар ‘The Sunday journal’-д сонгодог утгаар хэрэгжүүлсэн гэж судлаачид үздэг. Хэний ч бичиж зүрхэлдэггүй тийм найруулгаар У.Хёрстын сонинууд бичигддэг байжээ. Амралтын өдрийг ихэнх Нью-Иоркчид зугаацуулах зүйлгүй гэртээ өнгөрөөдгийг анзаарсан Хёрст 1897 оны хавар гэхэд гурван хавсралт бүхий 80 нүүр “The Sunday Journal”-аа уншигчдын гарт хүргэжээ. Уг гурван хавсралт нь "American magazine", "American Women’s Hom Journal", "American Humorist" байжээ.

Түүний сонинд нийтлэгдэж буй секс, гэмт хэрэг, аваар осол, дайн, шинжлэх ухааны ололт нээлт гээд бүгд уншиж эхлээд хойш тавимгүй сонирхолтой байдаг байв. Ж.Пулитцерийг даган нийгмийн ажилчин анги дунд давхаргынхны эрх ашгийг хамгаалж “тарган трестүүд”-тэй тэмцэж эхэлжээ. Ажилчин ангийнханд олон тус хүргэсний нэг нь Бруклиний ачигчдад ажлын өдрийг багасгахад нөлөөлсөн явдал юм. АНУ болон Испанийн дайн сенсацит сэтгүүл зүйн оргил байлаа. Энэхүү анхны Империалист дайн гарахад гол үүргийг У.Хёрст гүйцэтгэсэн юм. Тэрээр өөрийн сониныхоо нэрд гарсан хослол сурвалжлагч Ричард Хардинг Дэвис, зураач Фредерих Ремингтон нарыг тусгай даалгавраар Куба руу илгээжээ. Эзнийхээ хувийн онгоцоор зорчсон тэд тэр даруй “Оливеттын хэрэг” гэгчийг илрүүлжээ. Дэвисийн бичсэнээр царайлаг залуухан боловсролтой америк бүсгүйг “Оливетт” хөлөг онгоцон дээр бүдүүлэг Испаничууд нүцгэлэн эрээ цээргүй нэгжсэн гэсэн бол Ф.Ремингтон түүнд нь тохируулан Испаничуудын дунд нүцгэн зогсож буй эмэгтэйг дүрсэлжээ.

Энэ нийтлэл нэлээн шуугиан дэгдээсэн бөгөөд үүнийг нь түүний өрсөлдөгч Ж.Пулитцер “The New York World”-ын сэтгүүлчид өнөөх бүсгүйтэй уулзан уг нийтлэл худлаа гэдгийг баталжээ. Ф.Ремингтон залхаж Хёрстод "Дайн болохгүй тул гэртээ харъя" гэсэн захиа илгээтэл түүний хариуд нь тэрээр “Та нар наанаа үлд. Та нар зөвхөн зураг илгээ. Дайныг би хийе” гэсэн алдарт захиаг илгээж байжээ. Гэсэн хэдий ч Ф.Ремингтон  долоо хоногийн дараа Кубыг орхижээ. “The morning Journal” нь “Руисийн хэрэг” \шүдний эмч мэргэжилтэй залуу Испанийн бослогод оролцож АНУ-д сууршиж байгаад тус орны Америкийн иргэн болжээ.

Хэдэн жилийн дараа Кубад эргэж ирээд удаагүй байтал түүнийг Испанийн цагдаа нар хулгай хийсэн хэргээр баривчилж төд удалгүй шоронд нас баржээ. “The morning Journal” сонин үүнийг 1897 оны хоёрдугаар сарын 20-ны дугаартаа “Америкийн иргэнийг Испанийн шоронд хөнөөв” гэж нэгдүгээр нүүртээ нийтэлж байжээ. “Сиснеросын хэрэг” зэрэг олон худал мэдээ материал нийтэлж АНУ, Испанийг дайтахад хүргэсэн бөгөөд 1898 оны дөрөвдүгээр сарын 17-нд АНУ Испанид дайн зарлажээ. Энэ дайн  дөрвөн сар хүрэхгүй дууссан байна. Харин энэ үед “The morning Journal” сонины хувь 1.5 сая болтлоо огцом өсч У.Хёрст Ж.Пулитцерийг давж хэвлэлийн шинэ хаанаар өргөмжлөгдлөө. Дайн дууссаны дараа “The morning Journal” зүгээр суусангүй Бүгд найрамдах намаас нэр дэвшигч ерөнхийлөгч Мак-Кинлиг “трестүүдийг ивээн тэтгэгч” гээд ээлжит дайнаа эхэлжээ.

“Муу хүнийг алж байж л түүнээс салдаг бол түүнийг алах хэрэгтэй” гэж “The morning Journal” хорьдугаар зууны эхэнд бичиж байжээ. 1901 онд Ерөнхийлөгч Кинли алагдсан бөгөөд алуурчны халааснаас “The morning Journal”-ын дугаар олджээ. 1911 онд тэрээр дахин дайн дэгдээхийг оролдох болжээ. Энэ үед Мексик дахь түүний их хэмжээний газрыг хураах аюул учирсан байна. Тиймээс тэрээр АНУ-ын Засгийн газрыг Мексикт дайн зарлуулж цэргийн хүчээр газраа авч үлдэхийг зорьжээ. Дахиад л түүх давтагдав. У.Хёрстын сонинууд бүгд бүрэн зэвсэглэсэн зуу зуун мянган мексик цэрэг амьд бүхнийг устгахаар АНУ-ын хил рүү дэвшиж байна гэх зэрэг худал ярих болжээ.

Түүний энэ санаархалд “The Chicago Tribune” сонин саад болж худал материал гэж баталжээ. Түүний зан чанарыг харуулсан “Иргэн Кейн” кино байдаг. Түүний сонины гинжин холбоо оноос онд батжиж байв. 1933 он гэхэд У.Хёрстын хэвлэл оргилдоо хүрчээ. Энэ үед тэрээр 26 өдөр тутмын 17 долоо хоног тутмын сонин, 12 сэтгүүл, 2 кинокомпани эзэмшиж байжээ. Гэхдээ л 1955 онд Хёрст нас барахдаа өв залгамжлагч нартаа АНУ-ын өдөр тутмын сонины нийт хувийн аравны нэгийг эзэмшсэн трест үлдээжээ. Бүх насаараа трестийн эсрэг тэмцсэн Хёрст өөрөө тресттэй байсан нь сонирхолтой. У.Хёрст английн сэтгүүл зүйн хөгжилд хувь нэмэр их оруулсныг түүний хийсэн сөрөг үйлдлээр дарж болохгүй.

Эерэг тал нь: Өглөө, оройн, амралтын сониныг илүү сонирхолтой болгосон, сонины чимэглэлийг сайжруулж, том гарчиг нэвтрүүлсэн, эрх мэдэлтнүүдийн эсрэг амжилттай хэд хэдэн илчлэх компанит ажиллагаа явуулсан, шинжлэх ухааны ололт амжилтыг дүүрэн сурталчилж байсан, дундад ба ажилчин ангийнхны эрх ашгийг хамгаалж байсан, сэтгүүлчдийнхээ ахуй байдлыг ихээхэн анхаарч, цалинг эрс нэмсэн.

Сул тал: Түүний сэтгүүлчид шуугиан дуулианы араас хэт хөөцөлдөж үйл явдлыг зохиомлоор дэврүүлж, баримтыг өөрт ашигтайгаар гуйвуулж байсан, тэрээр гэмт хэрэг секст илүү анхаарч байсан, түүний гарт сонин мэдээллийн бус зугаа цэнгээний хэрэгсэл болж хувирсан, тэрээр Испани, АНУ-ын дайн гарахад нөлөөлсөн зэрэг болно. Уильям Хёрст ард түмний эрх ашгийг ч марталгүй, ашиг хонжоогоо ч марталгүй байж амжилтад хүрсэн чадварлаг сэтгүүлч, удирдагч байжээ. 

Эх сурвалж: camerazev.blogspot.com


Сэтгүүлзүйн сод хүмүүс: Уильям Рендольф Хёрст  
Үзсэн: 1154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй