Шууд Chart

Нигерт цагдаагийн шинэчлэл хийхийг шаардсан эсэргүүцлийн цуглаан үргэлжилж байна

2020-10-21 16:34:31

Нигерийн Засгийн газраас зарласан хөл хориог үл харгалзан цагдаагийн харгислалыг эсэргүүцсэн жагсаал цуглаан мягмар гарагт Лагос хотод үргэлжиллээ. Энэ үеэр цэрэг, цагдаагийнхан, эсэргүүцлээ илэрхийлсэн хэдэн зуун хүн рүү гал нээсэн байна. Багаар бодоход 7 хүн амиа алдсан гэж эх сурвалж "Инстаграм" хуудсандаа мэдээлсэн байна. Зарим нь шархадсан хүмүүстээ тусламж үзүүлэх гэж ядаж байгаа нь, нэгнээ сэхээн амьдруулах гээд бүтэлгүйтэж байгаа нь ч дүрс бичлэгт буужээ.

Хотын захиргаа гал нээсэн уг үйл явдалд нээлттэй мөрдлөг явуулна гэж мэдэгдээд байна. Нигерт хулгай, дээрмийн гэмт хэрэгтэй тэмцэхээр байгуулагдсан цагдаагийн тусгай ангийг хүмүүс эсэргүүцэж, жагсаал цуглаан хийж, сүүлийн 2 долоо хоног үргэлжилж байгаа юм. Энэ үйл ажиллагааг дарахын тулд Лагос хотын захиргаа 24 цагийн хугацаатай хөл хориог мягмар гарагт зарласан байна. Гэвч уг шийдвэр гарсны дараа үймээн самуун улам ихэсч, айдас түгшүүр улам бүр нэмэгджээ.

Энэ сарын 11-нд татан буугдсан цагдаагийн тус ангийг хүмүүс хууль шүүхээс гадуур хүний аминд хүрдэг, эрүүдэн шүүдэг, хэрэг бүрдүүлж мөнгө салгадаг гэж буруутгаж байжээ. Цаашлаад, тэд Нигер улсын цагдаагийн байгууллагыг системээрээ эрх мэдлээ урвуулан ашигладаг гэж эсэргүүцэж ирсэн байна. Үүний улмаас цагдаа нар үе үе дургүйцлээ илэрхийлсэн хүмүүс рүү гал нээхийн хажуугаар, өнгөрөгч 7 хоногт Нигерийн зэвсэгт хүчин арга хэмжээ авахад бэлэн гэж анхааруулж байжээ.

Харин хүмүүс энэ мягмар гарагт цагдаагийн байгууллага, байгууламжууд руу гал тавих, Лагос хотын олон улсын нисэх буудлын дотоод, гадаадын терминалыг хаах зэргээр уур хилэнгээ илэрхийлсэн байна.

"Эмнести Интернейшнл" олон улсын байгууллагын мягмар гарагт мэдээлснээр эсэргүүцлийн үйл ажиллагаа хоёр долоо хоногийн өмнө эхэлснээс хойш дор хаяж 15 хүн амиа алдсан байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Нигерт цагдаагийн шинэчлэл хийхийг шаардсан эсэргүүцлийн цуглаан үргэлжилж байна   
Үзсэн: 605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй