Шууд Chart

Улаанбаатар хотын нийтийн номын сангуудад фондын баяжилт хийнэ

2021-07-27 14:00:20

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт соёл, урлагийн чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээний үр дүнгийн талаар хэлэлцлээ.

Хурлын үеэр Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн “Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон салбар дөрвөн номын сан, алслагдсан гурван дүүргийн соёлын ордны номын санд фондын баяжилтыг жил бүр хийхээр дээрх бодлогын баримт бичгүүдэд тусгасан. Гэвч 2021 онд фондын баяжилт хийх зардал улс, нийслэлийн төсөвт тусгагдаагүй. 2022 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөлд тусгуулахаар ажиллаж байна. Мөн эдгээр номын санд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх нөхцөлийг бүрдүүлнэ” гэдгийг хэллээ.

Хурлын төгсгөлд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр “Нийслэлийн Соёл, урлагийн газрын эхний хагас жилийн тайланг хангалтгүй байна гэж үзэж байна. Энэ газар барилга барьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ   хуулиар заасан ажлын чиг үүргийн хүрээнд ажиллахгүй байна. Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн чиглэлд ажил хийгдээгүй байна. Төсөв мөнгө хэцүү байгаа  ч хүүхдээс ном харамлаж болохгүй. Энэ нь цогц хандлага дутаж байгааг илтгэж байна. Мөн соёлын өвийг хамгаалах ажлыг хурдтай хийх хэрэгтэй” гэдгийг онцолсон юм гэж Нийслэлийн ИТХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвөөс мэдээллээ.


Улаанбаатар хотын нийтийн номын сангуудад фондын баяжилт хийнэ  
Үзсэн: 388 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй