Шууд Chart

Н.Шүүдэр: Эмээ маань “Манай талыг дуурайжээ, миний охин эмч болоорой” гэдэг байсан

2022-07-28 13:24:20

Онгон байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг чухалчилж, эрүүл амьдралыг эрхэмлэн, бие болоод сэтгэлийн амар амгаланг цогцоор нь илүүд үзэх болсон энэ зуунд Дэлхий нийт уламжлалт анагаах ухааныг хүлээн зөвшөөрч, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг авахыг эрмэлзэх болжээ.

Тэр утгаараа  хамгийн эрэлттэй мэргэжлийн тоонд Уламжлалт анагаах ухааны Их эмч, сувилагч, эмзүйчид зүй ёсоор багтаж байгаа билээ. 65-70 насласан хүн амьдралынхаа 40 жилийг өөрийн сонгосон мэргэжилдээ зориулдаг гэдэг. Тэгэхээр мэргэжил сонголт гэдэг бол хариуцлагагүйгээр эсвэл санамсаргүй сонгох зүйл огт биш байх нь.

Бид залуусын мэргэжил сонголтод туслах үүднээс Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгч, Уламжлалт анагаах ухааны Их эмч Наранзуны Шүүдэртэй ярилцлаа. Тэрбээр Уламжлалт анагаах ухааны Хүний их эмч мэргэжлээр зургаан жил суралцан, өнгөрсөн сард төгсөөд “Бодьсэтгэлтэн” эмнэлэгт ажиллаж байгаа юм.

-Саяхан л төгсөж байсан бол өнөөдөр Шүүдэр эмчийн өрөөнд уулзаж байна. Анх удаа жижүүрт хонож байна гэсэн үү?

-Тийм ээ, өчигдөрхөн л сургуулиа төгсөөд баяр гунигийн нулимсаа барьж дийлэхгүй зогсож байлаа. Ажилд ороод анх удаа жижүүрт хонож байна.  

-Яг энэ мөчид ямар санагдаж байна вэ?

-Дипломын ажил, шалгалт шүүлэг үргэлжлүүлээд төгсөлтийн баяр гээд үнэхээр завгүй өдрүүдийн ард гарлаа. Үүний дараа амрах юм шиг санагдсан. Гэтэл бүх юм одоо л эхэлж байна. Өчигдөр өглөө ирэхэд “Шүүдэр эмчид” гээд багш үйлчлүүлэгчийн нэр бичээд үлдээсэн байсан. Ингээд анхны үйлчлүүлэгчээ авсан. Ахиад л сурч эхэлсэн байна.

-Ажлын саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Би чинь ангийн багшийнхаа үгнээс гардаггүй хүн байгаа юм. Багш  ажлын ярилцлагад ороод үзэхийг санал болгосон. Хэлснээр нь ирээд ярилцлагад орж, шалгалт өгч тэнцээд ажилдаа орлоо.

-Зургаан жил гэдэг урт хугацаа шүү. Хэрхэн өнгөрсөн байна вэ?

-Тийм шүү. Монголд анх удаа оюутан болж ирсэн надад амаргүй үе гарсныг нуугаад яах вэ. Гэхдээ сургууль маань их дулаахан уур амьсгалтай, багш нар маань найрсаг болохоор сайн зааж сургаж, бас ангийнхны дэмээр суралцаж эхэлсэн дээ. Үнэндээ оюутны амьдрал үнэхээр завгүй өнгөрсөн ч эргээд бодоход хэцүү байгаагүй байжээ. Хамгийн хэцүү үе төгсөлтийн өдөр байлаа. Тэр өдөр би  бараг 7, 8 удаа уйлсан байх аа. Сургуулиа орхиод явна, багшийгаа орхиод явна гэж бодохоор нулимс урсаад л байсан. Ийм болтлоо ижил дасал болжээ.

-Таны эмээ Монгол Улсын Гавьяат эмч Х.Бадарч гуай Монголын урлагийн нэрт зүтгэлтэн Ж.Бадраа агсны гэргий шүү дээ. Аав тань бас гайхалтай мундаг продюсер. Шүүдэр яагаад урлагийн хүн болоогүй юм бэ?

-Аавын маань талынхан урлагийн хүмүүс байдаг. Гэхдээ эмээ маань “Манай талыг дуурайжээ, миний охин эмч болоорой” гэдэг байсан. Би багаасаа эмч болохыг хүсдэг байсан л даа. Эмээ эх барихын эмч, дүү нь бас Долгормаа гэж эмч бий. Тэд хоёулаа Биндэръяа гэж эмнэлэг ажиллуулдаг, би эмнэлэгт нь байнга очдог байсан. Эмээ маань сүүлд 1990-ээд он гараад уламжлалтын эмчийн мэргэжил олгох курст суралцаж уламжлалтын эмч болсон юм билээ. Эмээг маань нярайн эндэгдлийг бууруулахад бодитой ажил хийсэн эмч нарын нэг гэж ярьдаг. Монгол Улсын гавьяат эмч хүн дээ. Эмээгийн эмнэлэг дээр өвчтэй хүмүүс ирээд эмчлүүлээд баярлаад гарахад нь би эмээгээрээ маш их бахархдаг байсан. Тэр үеэс л эмч болохоор шийдсэн.

-Америкт суралцаж байгаад Оточ Манрамба Их сургуулийн сонгон суралцаж төгслөө. Сонголтын талаар асуух гэсэн юм.

-Тийм ээ, хүмүүс намайг анх яах гэж Монголд ирсэн юм гэж асуудаг байлаа. Би Америкт төрж өссөн. Миний хувьд Америкт эсвэл дэлхийн аль нэг өндөр хөгжилтэй улсад сурч болох байсан ч Монголын уламжлалт анагаах ухааны гайхамшигтай мэдлэгийг Монголд, тэр дундаа Оточ Манрамба Их Сургуульд суралцсанаар л олж авна гэж бодсон. Дэлхийн аль ч топ сургуульд манай сургуульд заадаг шиг хичээл, сургалтын хөтөлбөр байхгүй шүү дээ. Манай сургуулийн олон төгсөгч  дэлхийн олон улс оронд мэргэжлээрээ ажиллаж байна. Бас олон төгсөгч хувийн эмнэлэгтэй болсон байна. Би ч тэдний адилаар сургуулиа амжилттай төгсөж, сайн эмч болоод Монголын уламжлалт анагаах ухааныг Америк төдийгүй дэлхийн улсуудад дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулна. Ийм л зорилго тээж Монголд ирж байлаа.

-Буцаад явах тухай бодож байна уу?

-Анх сургуулиа төгсөөд явна л гэж боддог байлаа. Харин эмээ “Эх орондоо, багш нарынхаа хажууд Монголдоо мэргэжлээрээ ажиллаад үлдвэл яасан юм бэ” гэж зөвлөсөн. Ангийн багш маань ч энэ тухай асуусан. Сургуулиа төгсөх мөчид явах тухай бодохоо больсон шүү. Дассан газрын даавуу зөөлөн  гэдэг шиг эндээ л баймаар санагдах болсон. Гэрийнхэн маань ч энд ажиллахыг их дэмжиж байгаа. Яваандаа түрүүн хэлсэн Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийн улсуудад дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахаар гадагшаа явж болох юм. Одоо бол Манба Дацан төвийн хамт олноос холдмооргүй байна.

-Оюутан болж байсан үеийн анхны сэтгэгдлээсээ хуваалцах уу. Хүүхдүүд их хөгжилтэй юм ярьдаг.

-Би Оточ Манрамба Их Сургуулийн талаар багаасаа мэднэ. Манай сургуулийн бааз Манба Дацан эмнэлэгт би бага байхын л эмчлүүлдэг байсан. Манай аав, ээжийн аль аль нь намайг эмч болоход, тэр дундаа уламжлалт анагаах ухаанд суралцахад их дэмжиж байгаа. Б.Бадрууган өвөө маань манай сургуультай хамтран ажиллаж, манай сургуулийн талаар кино хийж байсан гэдэг. Бага байхдаа Монголд ирээд Хамба багш дээр ирж золгож байсан.

Ер нь сургуультайгаа эртнээс танилцсан гэж боддог байлаа. Гэхдээ яг дотор нь ороод суралцахад эхний жил юу үзээд байгаагаа ч ойлгохгүй хүн явлаа. Анх оюутан болж байхад би дээд курсийн ах эгч нарыгаа хараад их гайхаж байсан шүү. Яагаад гэвэл их даруухан, байнга л ном уншиж явдаг, хичээлээс өөрийг мэддэггүй юм шиг л санагдсан. Гэтэл би хаа сайгүй харайж дэвхцэж явдаг хүүхэд болохоор их уйтгартай байх нь дээ гэж бодсон. Найзууд ч сургуулийн маань талаар ойлгохгүй гээч. Одоо харин бүх зүйл өөрчлөгдсөн. Эсрэгээрээ бүгд дэмждэг болсон. Би өөрөө ч Уламжлалт анагаах ухааны талаар тайлбарлах хэмжээний чадвартай болсон. Нөгөө талаас хүн бүхэн дор бүрнээ эрүүл амьдралыг шүтэх болсон байна. Уламжлалт анагаах ухааны ач тусыг тэр тусмаа ковидын энэ үед бүр илүү ойлгож байна. Жишээ нь өнөөдөр Норов 4, Мана 4-ийг мэдэхгүй хүн байхгүй болжээ.

-Анх судас барихад юу гэж “хэлж” байх юм бэ?

-Юу ч ойлгохгүй л дээ. Маш олон удаа барина. Ангидаа бид чинь 30 хэдүүлээ. Бүгд  нэг нэгийнхээ судсыг барьж үзээд, хоорондоо ярилцана. Үүний дараа сая нэг ялгаатай болохыг мэдэрч эхэлнэ.

-Оточийн оюутнуудын онцлог нь юу вэ? Төвөд хэлийг нэгдүгээр курсээс үздэг. Хэцүү юу?

-Мэдээж анх төвөд хэл сурах хэцүү санагдсан. Хичээлийн эхний өдөр дэвтэр дүүрэн даалгавар өгч, шөнөжин бичээд өглөө хичээлдээ явж байлаа. Америкт бол даалгавар ч өгөхгүй. Одоо эргээд бодоход хэцүү гэж бодвол хэцүү л байна. Чадна гэж бодвол бүхнийг амжуулж болох юм билээ. Курс ахих тусам үзэж байгаа юм нь илүү сонирхолтой болоод улам  илүүг үзмээр санагдаж шунасаар яваад л төгссөн. Уламжлалт анагаах ухааны гайхамшиг үнэхээр намайг дурлуулсан.

-Оюутнууд  нь үнэхээр завгүй хичээллэдэг. Магадгүй шантрах үе гарч байв уу. Тэр үед зориг нэмсэн үгийг хэн хэлж байсан бол оо.

-Багш нар маань урмын үгээр их тэтгэнэ ээ. Мэдээж бас загнана. Би чинь зургаан жилийн хугацаанд шалгалтад унаж үзээгүй. Тэгсэн Анагаах ухааны доктор Г.Одонцэцэг багшийн сүүлийн хичээл дээр уначихдаг юм. Анх удаа шалгалтад унаж үзсэн нь тэр. Тэр үед багш  маш уран цэцэн үгээр зүйрлэл хэлж, загнах, зөвлөхийн дундуур үг хэлэхэд би гэмшээд уйлаад л ангиас гарч байлаа. Үнэхээр өөртөө их гэмшсэн. Багшийн маань хэлсэн тэр үг Монголдоо үлдэж ажиллахад бас нөлөөлсөн гэж одоо боддог юм.

-Сэтгэл хөдлөл өндөр хүн шүү.

-Тийм шүү. Аав маань тэнд шоунд баахан уйлаад л. Би төгсөх гэж, шалгалтдаа анх унаж уйлаад л...

-Ангийнхан чинь хаана хаана ажиллахаар болж байна вэ?

-Ангийнхан маань багш, эмчээр ажилд орцгоож байна. Биднийг төгсөх үед олон газраас ажлын санал тавьж бидэнтэй уулзсан.

-Уламжлалт анагаах ухааны салбарыг сонгож элсэгч дүү нартаа юу гэж зөвлөх вэ?

-Суралцаад л үз. Манай сургууль Уламжлалт анагаах ухаанаас гадна амьдралын ухаан заадаг онцлогтой. Энэ бол өнөө цагт хамгийн олзуурхмаар зүйл шүү. Анагаах ухааны номоо үзээд эхлэхээр, анги дэвших тусам илүү их төлөвшиж, эмч болоход бэлэн болцгоодог. Их сургуулиа төгссөн ч төлөвшөөгүй хүмүүс олон байдаг шүү дээ. Гэтэл манай сургуулийн оюутнууд эмч болж, бас хувь хүнийхээ үүднээс төлөвшөөд төгсдөг нь давуу талтай. Сургуулийн хажууд дадлагын бааз эмнэлэг, эмийн үйлдвэр, хийд нь байгаа болохоор үзсэн хичээлээ дор бүр нь практикт туршаад явах боломжтой гээд олон зүйлийг хэлж болно. Ингээд Уламжлалт анагаах ухааны салбарыг сонгох дүү нартаа амжилт хүсье.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: М.Тодбэх

Н.Шүүдэр: Эмээ маань “Манай талыг дуурайжээ, миний охин эмч болоорой” гэдэг байсан  
Үзсэн: 3515 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй