Шууд Chart

Монгол Улсын төлөөлөгчид Зэвсэг хураах бага хуралд оролцож байна

2023-01-28 09:52:55

Зэвсэг хураах бага хурал (ЗХБХ)-ын 2023 оны чуулганы үйл ажиллагаа ШХУ-ын Женев хотноо энэ оны нэгдүгээр сарын 24-нд эхлэв.

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа нэгдүгээр сарын 26-ны өдөр ЗХБХ-ын Бүгд хуралдаанд оролцож, үг хэллээ. 

Тэрбээр хэлсэн үгэндээ өдгөө цөмийн зэвсгийн аюул занал бодитоор нэмэгдэж, зэвсэглэлээр хөөцөлдөх байдал эрчимжиж байгаа нь дэлхий дахинаа энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах олон улсын хамтын нийгэмлэгийн зорилтод эрсдэл учруулж байна хэмээн онцлоод чухам энэ цаг үед олон талт хамтын ажиллагаа, нэн ялангуяа ЗХБХ-ын ач холбогдол улам бүр нэмэгдэж буйг тэмдэглэв.

Мөн цөмийн зэвсгээс ангид статус бүхий Монгол Улс цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын хамтын нийгэмлэгийн зорилтыг тууштай дэмжиж ирснийг нотолж, уг зорилтод хүрэх хүртэл цөмийн зэвсэгтэй улсууд цөмийн зэвсэггүй улсуудын эсрэг цөмийн зэвсэг ашиглахгүй байх, ашиглахаар заналхийлэхгүй байх талаар баталгаа олгох эрх зүйн баримт бичиг байгуулах зүй ёсны шаардлага байгааг онцлон тэмдэглэсэн.

ЗХБХ нь зэвсэг хураах асуудлаар 1978 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тусгай чуулганы дүнд зэвсэг хураах асуудлыг хэлэлцэх олон улсын хамтын нийгэмлэгийн цорын ганц чуулган хэмээх статустайгаар 1979 онд байгуулагдсан ба тус байгууллагын хүрээнд зэвсэглэлийг хорогдуулах, зэвсэг хураах асуудлаарх гол гол олон талт гэрээ хэлэлцээрийг байгуулж байжээ.


Монгол Улсын төлөөлөгчид Зэвсэг хураах бага хуралд оролцож байна  
Үзсэн: 459 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй