Шууд Chart

Мамиашвили: Орос тамирчдын олимпод орох нөхцөл бол шийтгэл юм

2023-02-02 11:46:53

ОУОХ-ноос нэгдүгээр сарын 25-нд орос, беларусь тамирчдыг олон улсын тэмцээн, Парис-2024 олимпод оролцуулж болох нөхцөлийг танилцуулсан. Юуны өмнө туг далбаа, сүлд дуулалгүй, мөн Украинд хийж байгаа цэргийн тусгай ажиллагааг дэмжээгүй тамирчдыг олимпод оруулж болох юм гэж мэдэгдсэн.

ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили “Матч ТВ” телевизийн “Есть тема!” нэвтрүүлэгт оролцохдоо дээрх болзол, нөхцөлүүдийг шийтгэл гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Мамиашвили “Хэрэв үнэхээр ийм болзол тавьж манай тамирчдыг олимпод оруулах гэж байгаа бол энэ нь олимпод орох боломж олгож байгаа биш шийтгэж байгаа явдал болно. Яагаад гэвэл энэ болзол тамирчин, дасгалжуулагч болгоны өмнө маш том сорилт, дуудлага гарч байна гэсэн үг. Улс, эх орноосоо төдийгүй өөрөөсөө урвах хэрэг гарна шүү дээ. Спортын бусад холбоод ямар шийдвэр гаргахыг би мэдэхгүй байна. Гэхдээ тодорхой ганц зүйл байгаа нь өөрийгөө болон гэр бүл, хүн чанараа үүрд мөнхийн зовлонд унагаан байж олимпод оролцох хэрэг байна уу” гэж ярьжээ.

Мөн хэрэв оросуудыг олимпод оролцуулбал Украины тамирчид эсэргүүцэл зарлаж, олимпод оролцохгүй гэж мэдэгдсэн талаар “Би бойкотыг эсэргүүцдэг хүн. Олон улсын бөхийн холбоо бол 200 гаруй гишүүнтэй том холбоо. Тэдний ихэнх нь үүсээд байгаа байдлыг шүүн хэлэлцэж байгаа. Америкчууд өөрсдөө 1980, 1984 оны олимпын жишээг эргэн санаж, бойкот ямар ч үр түнгүй гэдгийг ярьж байгаа. Ядаж спортын талбайд нэг нэгэнтэйгээ уулзаж, үг хэлээ ойлголцох хэрэгтэй. Дутуугийн мэдрэмжтэй улсууд л бойкот хийхийг уриалдаг. Харамсалтай нь украинчууд эрүүл саруулаар сэтгэхгүй байна. Бөхийн ертөнцөд бага ч гэсэн жинтэй бүх улс бойкотыг эсэргцүүцэж байгаа” гэж нэмсэн байна.

ОУОХ-ноос 2022 оны хоёрдугаар сараас орос тамирчдын олон улсын тэмцээнд орох эрхийг хассан. Өнгөрсөн 11 дүгээр сард “Дакар-2023” уралдааны зохион байгуулагчид орос тамирчдыг Украины дайныг эсэргүүцэж байна гэж анкет бөглөсөн тохиолдолд оролцуулна гэж мэдэгдсэн. Ингээд Оросын “КАМАЗ‑мастер” баг оролцохоос татгалзсан билээ.

М.Сугар-Эрдэнэ


Мамиашвили: Орос тамирчдын олимпод орох нөхцөл бол шийтгэл юм  
Үзсэн: 305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй