Шууд Chart

Снөүбоардын аваргууд тодорлоо

2023-02-07 17:11:22

Насанд хүрэгчид болон өсвөр нас, 14 хүртэлх гэсэн гурван насны ангиллаар фрийстайл, параллель слалом эмэгтэй, эрэгтэй төрлөөр  нийслэлийн Хан-Уул, Багануур, Баянзүрх, Төв, Орхон зэрэг аймаг дүүргийн 40 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорив. Шагналыг Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, Орхон аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Д.Дэлгэрбаяр, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Спорт цогцолборын захирал Ш.Даваахүү болон бусад албаны хүмүүс гардуулав.

Тэмцээний шүүгч Монголын снөүбоардын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Отгонбор “Сүүлийн жилүүдэд снөүбоардаар хичээллэгсдийн сонирхол ихээхэн нэмэгдсэн. Улаанбаатар хотод скай ресорт цанын бааз дээр тамирчид бэлтгэл сургуулилтаа хийдэг. Өөр газар, өөр зам дээр үзүүлбэр үзүүлж, өрсөлдөнө гэдэг тамирчдын хувьд их сонирхолтой байна. Орхон аймагт снөүбоардын спорт хөгжих боломж дүүрэн байна” гэсэн.

Монголын хүүхдийн спортын өвлийн VII  наадмын 14 хүртэлх насны параллель слалом эрэгтэй төрөлд Төв аймгаас оролцсон 7 настай Т.Ирмүүн тэргүүн байр эзэллээ. Түүний хувьд снөүбоардаар гурван жил хичээллэж байгаа, хамгийн бяцхан тамирчин байлаа.

Мөн параллель слалом, фристайл  эмэгтэй хоёр  төрөлд Баянгол дүүргийн тамирчин 13 настай М.Есүй тэргүүн байр эзэлсэн. Түүний хувьд снөүбоардаар дөрөв дэх жилдээ хичээллэж байгаа бөгөөд 2021 оны улирлын нээлтийн тэмцээний мөнгөн медаль, 2021-2022 оны УАШ тэмцээний алтан медаль, 2022-2023 оны улирлын нээлтийн тэмцээний алтан медаль, 2023 оны клубүүдийн аваргын алтан медальт тамирчин юм.

Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам снөүбоардын насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд Улаанбаатар хотоос оролцсон Монгол Улсын долоон удаагийн аварга Б.Дамдиндорж тэргүүн байр эзэллээ. Тамирчид зохион байгуулалт, зам талбайн дэд бүтцийн талаар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Засгийн газрын тогтоолоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг өвлийн спортын наадмын төрлүүдэд анх удаа снөүбоардын төрөл орж байгаагаар онцлог болж байна.


Снөүбоардын аваргууд тодорлоо  
Үзсэн: 261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй