Шууд Chart

"Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Ази, Номхон далайн Х чуулганыг Монгол Улсад зохион байгуулна

2023-09-21 10:25:38

Саудын Арабын Хаант Улсад 2023 оны 09 дүгээр сарын 10-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганы үеэр Соёлын сайд Ч.Номин ЮНЕСКО-ийн Соёлын асуудал эрхэлсэн дэд захирал Эрнесто Оттонитой уулзлаа.

Энэхүү уулзалтаар:

- Дэлхийн баримтат өвийн үнэт дурсгалыг хадгалан хамгаалах зорилготой ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн /MOWCAP/ 10-р чуулганыг Монгол Улсад зохион байгуулахаар болсон бөгөөд уг чуулганыг зохион байгуулах болсныг баталгаажууллаа.

- ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийг жагсаалтад Монгол Улсаас “Монгол нүүдлийн зан үйл”, “Наурызын баяр”-ыг нэр дэвшүүлэхээр болсныг дуулгав.

- ЮНЕСКО-гийн “Бүтээлч хотын сүлжээ”-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг бүртгүүлэх хүсэлт гаргасан бөгөөд өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод соёлын үйл ажиллагааг идэвхжүүлэх, дотоодын бүтээлч үйлдвэрлэгчдийг дэмжих бодит алхмуудыг хийсэн.

- "Соёлын үнэт зүйлсийн хууль бус экспорт, импорт, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай" ЮНЕСКО-гийн 1970 оны конвенцын хэрэгжилтийг хангах үүднээс Монгол Улс Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн нэгжтэй болсон бөгөөд үргэлжлүүлэн бүс нутгийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

- Мөн ЮНЕСКО-той хамтран орон нутгийн удирдлагуудыг чадавхжуулах, Дэлхийн өвийн конвенцод тулгуурлан соёлын өвийн чиглэлээр мэргэших шинэ залуу судлаачдыг чадавхжуулахад чиглэсэн төсөл хөтөлбөр, сургалт зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн ноён Эрнесто Оттонитой уулзах үеэр Бүгд Найрамдах Франц Улсын Версалын Хатан хааны дуурийн театрт тоглогдох Монгол Улсын Соёлын элч-Морин Хуурын чуулга болоод Нант хотод зохион байгуулагдах “Чингис Хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” тусгай үзэсгэлэнд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей болон бусад албан тушаалтныг Монгол Улсаас БНФУ-д зохион байгуулагдах соёлын арга хэмжээнд оролцохыг урилаа.

Уулзалтын төгсгөлд өнгөрсөн 8-р сард зохион байгуулсан “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн талаар ярилцаж цаашид уг фестивалийг олон улсын чанартай наадам болгон цар хүрээг өргөжүүлэхэд ЮНЕСКО-той хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: Соёлын яам


"Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Ази, Номхон далайн Х чуулганыг Монгол Улсад зохион байгуулна   
Үзсэн: 372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй