Шууд Chart

ЗГ: Малчид, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ

2024-02-28 16:13:14

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны хоёрдугаар сарын 28-нд болж, Хаваржилтын нөхцөл байдал, шуурхай бүлгүүдийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний  талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан малчид, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дархлааг дэмжих, болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт даалгав.

Зудын улмаас малын сэг зэм их хэмжээгээр бий болж байгаатай холбогдуулан малын сэг зэм устгах ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах, малын гоц халдварт цэцэг, бог малын мялзан өвчний халдварын голомтыг хяналтад авах, тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, вакцин, тарилга, эм бэлдмэлийн нөөц бүрдүүлэх, орон нутагт хүргэх, вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг ХХААХҮ-ийн сайдад даалгав.

Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2024 оны хоёрдугаар сарын 20-ны байдлаар зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд улсын хэмжээнд 13 аймгийн 58 суманд “төмөр зуд”-ын, 17 аймгийн 139 суманд “цагаан зуд”-ын, 18 аймгийн 69 суманд “цагаанаар зудархуу” нөхцөл байдалтай байгаа бөгөөд нийт 21аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэгт  өвөлжилт хүндэрсэн байна. Төмөр зудтай сумдад 42436, цагаан зудтай сумдад 75022 малчин өрх нийт 117458 малчин өрх байна.

Өнгөрсөн оны  мөн үетэй харьцуулахад хорогдсон малын тоо 85.9 хувиар өсөж 2024 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 2,136,563 буюу нийт малын 3.3 хувь хорогдоод байна.
Зам даваа хаагдсан 15 аймгийн хэмжээнд 52,498 км зам гаргах шаардлагатайгаас нийт 49,699 км зам гаргаад байна.


ЗГ: Малчид, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ  
Үзсэн: 546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй