АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан хамтран “Азийн тэсвэртэй хотууд” төслийг хэрэгжүүлнэ.
Энэхүү төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтэц, үйлчилгээний хүртээмж болон чанарыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг хангах, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилготой. Гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төсөл хотын тогтвортой хөгжлийг дэмжих, нүүрстөрөгчийн ялгарал багатай дэд бүтцийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх замаар хотод тулгарч буй олон талт асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс онцолж байна.
Төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг: - Төслийн хүрээнд нийслэл хотын дэд бүтцийн чанарыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх, уур амьсгалын өөрчлөлтөд хотуудын барьж буй концепц, сайн туршлагыг судлах боломж бидэнд нээгдэж байна. Төсөл хэрэгжсэнээр иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, байгаль орчинд ээлтэй эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, боловсон хүчнийг чадавхжуулах, дэд бүтцийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэв.
“Жэй Эс Ай” төслийн захирал Паллави Гупта: - Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд болон төрийн байгууллагын оролцоотойгоор төслийн хүрээнд хэрэгжих үе шатыг тодорхойлдог. Одоогоор бид төслийг хэдэн үе шаттай, хэрхэн хэрэгжүүлэх тухайгаа төлөвлөж, боловсруулж байна. Үүний дараа төслийг Улаанбаатар хотод 10 дугаар сараас хэрэгжүүлнэ. Уг төслийг Ази тивийн таван улсад хэрэгжүүлж байгаа. Тиймээс төлийг хэрэгжүүлж буй таван улс туршлагаа хуваалцаж, хамтдаа хөгжих боломж бүрдэж байна гэв.
“Азийн тэсвэртэй хотууд” төсөл Улаанбаатар хотод хэрэгжинэ | ||
Үзсэн: 358 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.