Шууд Chart

Дахин төрөх боломж

2026-01-30 10:01:48

 

-Нийгэм-философийн сатир жүжиг-

Дүрүүд:

  • Саран (50 гаруй насны эмэгтэй)
  • Золбоо (Сарангийн бага хүү, 17 орчим настай)
  • Алимаа (Сарангийн охин, Золбоогийн эгч)
  • Баатар (Сарангийн том хүү, Алимаагийн ах)
  • Эрэгтэй (Дахин боловсруулах үйлдвэрийн захирал)
  • Эмэгтэй (Үйлдвэрийн менеже)

Сатир дүрүүд:

  • Хуванцар сав,
  • Гутал (баруун, зүүн),
  • Шил,
  • Лааз,
  • Цаас,
  • Хадаас,
  • Ногооны хальс (Органикууд)

НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ 

Өгүүлэгч: Өвлийн адаг сарын жавар тачигнасан өдөр. Их хотын нэгэн дүүргийн орон сууцны нэгэн айлд бага үдийн нар цонхоор таатайхан ээж байлаа.

Саран: Миний хүү… миний хүү… одоо босоорой.

Золбоо: (цаад өрөөнөөс) Аль өглөө боссон ш дээ, ээжээ…

Саран: Тог хэзээ тасарчихав аа?

Золбоо: Бараг цагийн өмнө тасарсан.

Саран: Чи тэгээд цайгаа чанаж амжив уу?

Золбоо: Чанасан.

Саран: За болж дээ. Идэр есийн хүйтнээр ингэж тог тасраад байдаг нь тоогүй юм аа.

Золбоо: Нөгөө сайд маань “дахиад ч тасарна” гэж мэдэгдсэн байна лээ шүү дээ.

Саран: Хм… За, ээж нь өнөөдөр найзуудтайгаа уулзана. Чи тэгээд битгий утас ухаж, тоглоом тоглоод байгаарай. Хичээл номондоо л шамдаарай.

Золбоо: Санаа зоволтгүй ээ. Тог ирэхгүй бол хайран цэнэг шүү дээ…

Саран: Цаад муу эгч чинь шөнө орой болтол ном үзэж суугаа харагдах юм. Чихэвч зүүчихээд үглээд байгаа нь нөгөө гадаад үгээ л цээжилж байгаа нь байх даа… Ингэхэд чи ер нь хичээл хийж байна уу? Хүн өөрөө л хичээхгүй бол энэ улс орон, Төр засгийн байж байгаа царай нэг л биш болчихоод байна шүү. Хэнд ч бүү найд. Зөвхөн өөртөө л гэрэл болж явах цаг үе хэдийнэ ирснийг мэдэж байна уу? (учирлана)

Золбоо: (аргадангуй) За ээж, одоо ингээд нөгөө дуусдаггүй яриагаа эхлэх гээд байна уу? Би бүгдийг мэдэрч, ойлгож байгаа…

Саран: За тийм л бол яамай…

Үгүй ээ, энэ миний гутал хааччихав аа?

Золбоо: Мэдэхгүй ээ, ээжээ…

Саран: Хм… “мэдэхгүй”-гээрээ мянган үгний таглаа хийчихсэн хүүхэд шүү… Алив, чи наашаа гараад ирээч! (зандрангуй)

Золбоо: (төвөгшөөнгүй) Юу вэ, яагаад дахиад уурлаад унав даа…

Саран: (ууртай) Миний гутлыг хааш нь хийсэн бэ гэж асууж байна!

Золбоо: Мэдэхгүй ш дээ, ээжээ. Хаана байсан гээд байгаа юм бэ?

Саран: Энд, хаалганы дэргэд гялгар уутанд хийгээд амыг нь уячихсан байсан юм.

Золбоо: Аль, нөгөө сүүлд авсан үнэтэй гутлаа юу?

Саран: Тийм ээ, тийм. Тэр гутлаа л хайгаад байна. Би өчигдөр ажлаас авч ирээд энд тавьчихсан юм. Одоо алга… Та нар ерөөсөө гэр орноо цэвэрлэнэ, цэгцэлнэ гэж байхгүй. Бушуухан л нүднээс далд хийчихвэл болчихно.

Алимаа! Алимаа! Тэр ууттай гутлыг хааш нь чихээд хаячихав аа? Алив, чи тэр эгчийнхээ чихэвчийг аваад чихнээс нь зулгаагаад ир! Хүн дуудаад байхад ер тоохгүй юм аа!

Алимаа: (цаад өрөөнөөс) Яасан гэнэ ээ? Би ямар ч ууттай гутал хараагүй шүү.

Золбоо: (дорой дуугаар) Ээж ээ… хогийн уут шиг хар ууттай байсан уу?

Саран: Юуны чинь хогийн уут! Өөрийнхөө… өөрийнхөө брендийн хар ууттай байсан!

Өгүүлэгч: Хүү шилээ маажин, мөрөө унжуулж зогсоно. Эх нь үглэсээр энэ тэрийг татаж, гутлын шүүгээгээ онгично. Хүү яахаа мэдэхгүй хэсэг зогссоноо:

Золбоо: Эгч мэдэхгүй ээ… Би тэрийг чинь хар ууттай хог юм байх гэж бодоод өглөө хогтой хамт хаячихжээ…

Саран: Юу…?

Өгүүлэгч: Эх нь ийнхүү дуу алдаад гэнэт даралт нь ихэсч, ухаан нь балартах мэт нэг гараараа толгойгоо даран саналганаж, нөгөө гараараа хана түшин тэнчигнэсээр явган сандал дээр лагхийн суулаа. Эхийнхээ цочир дууг сонссон охин цаад өрөөнөөс годхийн гүйж гарч ирнэ.

Алимаа: Ээжээ… Та яав аа? Ээжээ… ээжээ…

Саран: Битгий тэнэг амьтан шиг чихэн дээр хашхичаад байгаач…Чи наад бүтэл нь бүлээрсэн амьтныхаа байж байгааг хар даа… нөгөө гутлыг минь гаргаад хаячихаж!

Алимаа: Айн?...( гайхан шогширон) Ээ чааваас аа… яасан дүүрчихсэн амьтан гэхээрээ чам шиг байдаг байна аа… Ээж ямар их мөнгөөр авлаа даа. Сая таван зуун мянган төгрөгийн үнэтэй гутал шүү дээ!

Тэгээд бушуухан гарч, олж ир! (ууртай, зандрангуй)

Золбоо: (сандарч)За... за, би одоохон гараад ирье.

 Шум : Хаалга онгойж, хаагдах чимээ.

Саран: (араас нь) Хүүе! Чи ядаж хувцсаа өмсөөд гараач! Хүүхэд зандраад гаргачих юм… Хувцсыг нь бариад араас нь гар… (шаналангуй)

Алимаа: Заа, энэ муу зөнөг тэнэг яав л гэж дээ. Та өөрөө дандаа жаахан хүүхэд шиг толгойг нь илж эрхлүүлсээр байгаад л энэ шүү дээ. Хог, гутал хоёрыг ялгахгүй хаячихдаг хүнийг чинь яах вэ дээ. Арай дэндүү эрхийн балай юм… (шогширно) Өнгөрсөн зун угаалгад өгөх гээд уутанд хийчихсэн байсан миний хоёр кетийг бас л хаячихсан. Гутлын эрлэг юм уу хаашаа юм… Яагаад өмнөхөөсөө сургамж авдаггүй юм бэ? Хог үзэж чадахгүй тийм цэвэрч юм уу гэхээр оймсоо ч тогтмол угаагаад өмсчихдөггүй ш дээ...

Ээж ээ, та өөрөө энэндээ хэл л дээ. Уйлж туйлаад ч болов загна л даа! (дуу өндөрсөнө)

Саран: (уйлж) Чи юу гэж хүн рүү омогдоод байгаа юм. Та нарыг төрүүлж өсгөсөн нь миний буруу болж байна уу. Яасан тэнэг хүүхдүүд вэ…

Өгүүлэгч: Нөгөө өрөөнд утас дуугарна. Алимаа утсаа авч ярьлаа.

Алимаа: (утсаар) Сайн уу, ахаа. Ажил нь сайн уу… Бид цөм сайн. Тийм ээ, тийм, залгасан. Ээж одоохондоо ярих боломжгүй байна. Та нэг хүрээд ирээч… зүгээр ээ, гэхдээ одоо уйлаад байна. Золбоо гэж нэг тэнэг юм ээжийн нөгөө гутлыг хог гэж андуураад хаячихжээ. Та нэг хэдэн үг хэлмээр юм. Элий балай, амьтан шиг л байх юм…

Тийм ээ, тэр гутал нь… За, тэгвэл таныг хүлээж байя. Энд бас тог тасраад, ашгүй сая ирлээ…

Шум: Хаалганы хонх.

Өгүүлэгч: Гаднаас Золбоо толгойгоо унжуулсаар орж ирлээ.

Золбоо: Өнөөдөр чинь бямба гараг юм уу?

Алимаа: (ууртай) Тийм ээ. Тэгээд яачхаав, бункерт үзэв үү... Байна уу?

Золбоо: Ачаад явчихжээ. Гэхдээ хаана аваачиж хаядгийг нь мэдчихлээ. Хогийн цэг рүү явж, тэндээс л хайж үзэхээс…

Алимаа: Хм.... тэнэг амьтан.

Саран: (уйлж тайвширсан янзтай) Битгий дэмий юм ярь. Хаа гэж хайж явдаг юм. Зүгээр гэртээ байгаад өг. Гарах ёстой гарлага нь л гарч байгаа юм биз… (шүүрс алдана)

Алимаа: Золбоо, чи ямартай ч байж бай. Ах ирж байгаа гэсэн. Баатараа ахтай яриад, явахаар бол цуг яв.

-Хөгжим-

ХОЁРДУГААР ҮЗЭГДЭЛ

Хогийн бункерт болсон яриа.

Өгүүлэгч: Хогийн бункерийн төмөр таг тачигнан онгойж, салхи исгэрнэ.

(салхины исгэрээ)

Харанхуй, хүйтэн нүх рүү тортой шинэхэн гутал унаж яваадаа итгэж ядна. Зузаан нийлэг уут шилний хагархайд эсгэгдэн, хоёр гутал цувралдан уналаа.

(төмөр, шил тачигнах)

Даавуу, хуванцар, хагархай шил, ногооны хальс, хоолны үлдэгдэл дунд тэд зөөлөн газарджээ. Нэхширмэл үнэр хамар цоргино. Цаасны өөдөснүүд тэр үнэрийг дарах мэт дэрвэнэ. Үнэр, дуу чимээ, үл таних орчинд хоёр дэгжин гутал гэнэт унаж ирсэн нь хогийн бункерт цоо шинэ үзэгдэл байлаа. Тэд хосоороо энэ хорвоог туулах учиртайгаа мэднэ. Хамт байх нь л хамгийн чухал. Тэд бие биеэ Баруун, Зүүн гэж дуудна.

Баруун гутал: Хөөе… чи амьд уу?

Зүүн гутал: Хэрвээ “яг одоо энд байгаа”-г амьд гэвэл… тийм ээ. Харин чи зүгээр үү?

Баруун гутал: Жаахан л өвдлөө. Тэр ёрдгор төмөрт түрий маань зурагдлаа. Аз болоход өнгөцхөн.

Өгүүлэгч: Хогийн бункерийн яндангаас төмөрлөг дуу цахиртан цуурайтна. Яг л ямар нэг юм хэлэх гэсэн мэт.

Баруун гутал: Бид хоёрыг ингэнэ чинээ бодсонгүй.

Зүүн гутал: Хагацал гэдэг ингэж л гэнэт ирдэг юм байна.

Баруун гутал: Санаж байна уу… Анх хайрцагнаасаа гарахад Саран авхай ямар их баярлаж байсныг?

Зүүн гутал: Санаж байна. Анх дэлгүүрийн лангуун дээр байхдаа л түүнтэй танилцсан. Сайхан сэтгэлтэй, зорьсондоо хүрдэг эмэгтэй. “Энэ гутлыг би хайрлана” гэснийг нь  би харцнаас нь мэдэрсэн. Зарим хүний харц шуналаар дүүрэн байдаг. Харин түүнийх энхрийлэл, хариуцлагаар гэрэлтэж байсан.

Баруун гутал: Би тэр үед хаана байсан юм?

Зүүн гутал: Чи хайрцагтаа унтаж байсан.

Баруун гутал: Ммм…

Гэхдээ тэр биднийг удаан өмсөж эдэлж чадсангүй дээ.

Зүүн гутал: Түүнээс болоогүй. Хүү нь биднийг хаясан. Энэ хорвоо дандаа нэг хүний санаагаар  болдоггүй юм байна. Саран авхай намайг өмсөхдөө зөөлөн гишгэдэг байсныг чи мэднэ дээ.

Баруун гутал: Мэднэ ээ. Нэг удаа автобусанд явахад нэг том гутал хоншоор дээр минь гишгэсэн. Тэгэхэд эзэн маань намайг зөөлөн алчуураар арчиж өгсөн. Сонин нь…Тэр үед уланд минь наалдсан бохь надад нэг юм хэлсэн юм.

Зүүн гутал: Юу гэж?

Баруун гутал: “Хүний амнаас нулимагдаж, гудамжинд хэвтэх хувьтай ч шувууны хоол болоогүйдээ баяртай байна” гэж. Шувууд бохийг шингээж чаддаггүй, үхдэг гэнэ лээ.

Зүүн гутал: Ээ хөөрхий… Өрөвч сэтгэл гэдэг хорвоогийн  цэвэр тунгалаг мэдрэмж юм шүү.

Баруун гутал: Тэр бохь ухаантай байсан. Хайр гэдэг элэгдэж дуустал үргэлжилдэг юм байж

Зүүн гутал: Бид ч муу яваагүй. Цас, шороо, гунигтай оройг хүртэл эзэнтэйгээ хамт туулсан. Эзэндээ хэрэгтэй байсан. Энэ л бидний үнэ цэнэ.

Баруун гутал: Тэгэхэд яагаад гунигтай үедээ намайг илүү чанга гишгэдэг байсан юм бол?

Зүүн гутал: Зүрх нь баруун талдаа байдаггүй болохоор л тэр. (инээнэ)

Баруун гутал: (инээн) Сайхан бүхэн өнгөрдөг юм байна.

Зүүн гутал: Өнгөрөөгүй ээ. Бид бараг шинээрээ. Эзэн маань биднийг олж  магадгүй. Өөр хүн ч авч болно.

Баруун гутал: Шивэртэй хүн байвал яана…(инээнэ)

Зүүн гутал: (инээнэ) Хамгийн чухал нь хамт байх. Бүр муугаар бодоход дахин боловсруулагдана.

Баруун гутал: Айж байна уу?

Зүүн гутал: Үгүй. Дахин хэрэгтэй болно гэсэн үг биз дээ?

Баруун гутал: Хэрвээ би сандал болбол чи?

Зүүн гутал: Шал. Тэгээд л чиний доор байж, хамт байна.

Баруун гутал: (догдлон) Тэгвэл бид хэзээ ч хос байхаа болихгүй юм байна.

-Хөнгөн хөгжилтэй өөдрөг хөгжим-

Өгүүлэгч: Хоёр гутлын яриаг хүний хэрэгцээнээс гээгдсэн бүхэн анхааралтай чагнаж байлаа. Тэднээс хамгийн түрүүнд шилний хагархай ам нээв.

Шилний хагархай: Та хоёрын яриаг сонсоод сэтгэл хөдөлчихлөө. Хамт байгаа нь сайхан юм аа. Харин би бүтэн биеэсээ хагацаж, зэрэмдэг болоод энд хэвтэж байна. Уг нь би ундааны шил байсан юм. Нөгөө тал маань одоо хаа нэгтээ над шиг л байгаа. Дахиад бид хэзээ уулзах бол доо… Биднийг юу дахин нэгтгэх бол? (санаашрангуй)

Хуванцар сав: Хоёр гутал аа, та нарын яриаг зөвшөөрөлгүй сонссонд уучлаарай. Та хоёрын үнэнч байдал үлгэр шиг санагдлаа. Санамсаргүйгээр энд ирсэн нь ч сайн болж. Бидэнд ихийг ойлгууллаа... Биднийг бол хүмүүс зориуд хаядаг. Ус, ундааг минь уучихаад л хаа хамаагүй шидчихнэ. Ухамсартай нь л хогийн саванд хийдэг. Бид энэ хувь тавиландаа бараг дасчихжээ.

Харин та нар хүнтэй урт хугацаанд хамт байж, хайрлуулж, арчлуулдаг. Яасан азтай юм бэ. Нээрэн л дахин төрөх боломж бидний хэнд ч бий. Гагцхүү нөхцөл, орчин, хүний ухамсар л хангалттай хөгжөөгүй байна. Бохины хэлсэн үг үнэхээр сэтгэл хөдөлгөлөө. Ямар ч зүйл бусдад хор болохыг хүсдэггүй. Тийм биз дээ, Тэр шар өнгийн цаас аа, чи юу гэж бодож байна?

Өнгийн цаас (уранхай): Би дэггүй хүүхдийн тоглоом байсаар энд ирсэн. Манай зарим нь дэлгүүрийн лангуун дээр, зарим нь зургийн жаазанд, зарим нь өхөөрдөм жаалын уран сэтгэмжийн илэрхийлэл болоод номын шүүгээнд хадгалагдаж байдаг. Харин над шиг нь энд ирдэг.

Гэхдээ намайг ангилж ялгаад дахин боловсруулж болно. Би урлагийн бүтээл болоод, хүмүүсийн биширсэн харцанд байхыг хүсдэг л байсан. Тийм хувь надад тохиосонгүй. Гэхдээ атаархахгүй. Хэрвээ хүн намайг дахин ашиглавал 00-ийн цаас болохоос ч татгалзахгүй. Хэрэгтэй байхад л хангалттай. Гагцхүү бусдад хор болохгүй байхыг л хүснэ.

Хуванцар сав: Ундааны шил ээ, чамд бас боломж бий. Чамайг дахин боловсруулаад цонхны шил, шилэн аяга, тоног төхөөрөмжийн шилэн эд анги гээд юу ч болгож болно. Гагцхүү сул талаа биш, боломжоо хар. Хэзээ нэг өдөр бусадтайгаа нэгдэж, өөрийн ертөнцдөө байх цаг ирнэ. Өөдрөг байгаарай.

Шилний хагархай: Би мэднэ ээ. Гэхдээ хэн ч тоохгүй бол мянга, мянган жил хэвтэж, улам л жижгэрсээр элсний ширхэг болох хувьтай. Харин чи өөрийнхөө тухай яриач, хуванцар аа.

Хуванцар сав: Би байгаль дээр ингэж оршдоггүй. Намайг газрын тосноос гаргаж авсан. Дэлхий даяар над шиг нийлэг төрөлтнүүд үй түм бий. Агаарын тоосонцор дотор ч оршдог гээд бод доо. Дор хаяж 500 жил болж байж л үл үзэгдэгч хэсэг болно. Намайг үхэшгүй гэвэл итгэх үү? Байхгүй юм шиг харагдавч би байсаар л байна.

Зүүн гутал: Тэгвэл чи яаж бодитой орших вэ?

Хуванцар сав: Үхэшгүй минь миний давуу тал, бас үүрдийн зовлон. Нэгэнт бүтээгдсэн бол дахин байгаль болж чаддаггүй. Тиймээс л миний ижил биет дахин бий болохгүй байгаасай. Харин байгаа биеийг минь удаан, зөв ашиглаасай гэж хүсдэг.

Баруун гутал: Яасан хувиа хичээсэн юм бэ?

Хуванцар сав: Хувиа хичээсэн биш ээ. Үр дагаврын тухай ярьж байна. Намайг бүтээсэн хүн төрөлхтний үүрэг, хариуцлагын тухай.

(түр пауз)

Өгүүлэгч: Хуванцрын үгийг сонсоод хаягдал бүхэн өөр өөрийнхөөрөө бодолд автлаа. Энд ирсэн хэн ч анхнаасаа “хог” байгаагүй. Гагцхүү хаягдсан төдий гэдгээ ойлгоцгооно. Тэгтэл бодлын аниргүйг ногооны хальс эвдлээ.

Ногооны хальс: Биднийг хоолны үлдэгдэлтэй хамт гахайд өгсөн бол дээр байжээ. Амьтны гэдсээр дамжаад байгальдаа илүү хурдан шингэх байлаа. Тэгсэн бол ингэж та нартай хутгалдаж, ад шоо үзэгдэхгүй байхсан. Байгаль бол бидний төрсөн гэр, жинхэнэ оршихуй минь юм даа…

Өгүүлэгч: Түрүүнээс хойш дуугүй байсан лааз гэнэт ам нээлээ.

Лааз: Хүн л биднийг “хог” гэж нэрлэсэн болохоос биш бид дахин төрж, хэрэгтэй байж чадна. Ядаж өөрийнхөөрөө орших эрхтэй биз дээ. Намайг бусад лаазнуудын дунд байлгасан бол илүү дээр байх сан. Харин одоо… (дотроо дургүйцэн) ам руу минь чихчихсэн энэ тамхины ишнүүд ёстой дотор муухайруулж байна.

Өгүүлэгч: Лаазан дотроос тамхины ишнүүд бүдэгхэн эсэргүүцнэ.

Тамхины ишнүүд: Бид өөрсдөө орж ирээгүй шүү дээ… Дахин төрөх боломжгүйгээ бид ч мэднэ…

Лааз: (шивнэж) Намайг дахин боловсруулахаар бол та нар надад төвөг л болно. Ингэж холилдсоор байвал бид хүнд ч хэрэггүй, байгальд ч ээлгүй жинхэнэ “хог” болчих юм байна…

Өгүүлэгч: Өнгө өнгийн гялгар уутыг нэвт сүлбэн гарч ирсэн нэг хадаас бухимдан өгүүлнэ.

Хадаас: Хүмүүс соёл, ухамсар ярих дуртай. Гэтэл биднийг ангилж чаддаггүй нь инээдтэй. Би хаалгыг олон жил тогтоож байлаа. Чангалаагүйгээс болж л энд ирсэн. Зэврээд шороо болтол зай ч байна, лай ч байна. Гомдмоор юм даа… (түр пауз)

Гэхдээ би ингэж хэвтэж тэвчихгүй. Тэмцэнэ.

Хуванцар сав: Хадаас аа, чиний хурц шиймдэмгий зан чинь чаалагдаж байна шүү.  Бид тэмцэнэ. Хогийн цэг дээр очмогцоо өөр өөрсдийн ижил төрөлтэй нэгдэцгээе.

Хуванцрууд, нийлэг уутнууд намайг дага.

Төмөр, металл эд ангийг Хадаас чи нэгтгэ.

Органик хаягдлуудыг Ногооны хальс чи бөөгнөрүүл.

Цаас, модон төрлүүд нэг дороо.

Даавуу, хувцас, оёдлын утас бүгд хамтдаа.

Хоёр гутал хосоороо байгаарай.

Ингэж бид өөрсдөөсөө эхлэн бусаддаа үлгэрлэнэ. Хүмүүсийг зөв дадалтай болгохын тулд бид эхэлнэ.

Өгүүлэгч: Хуванцрын энэ үг бусдыг зоригжуулна. Хаягдал бүхэн түүнийг удирдагч мэт дагана.

Бүгд: Тэмцэе… Тэмцэе…

Өгүүлэгч: “Тэмцэе” гэх үг бункерийн хоолойд улам тод цуурайтана.  Хаягдал бүхэн анх удаа өөрсдийгөө ганцаардмал биш гэдгээ мэдэрч байлаа. Энэ харанхуй нүхэнд тэднийг нэгтгэж байгаа зүйл нь айдас биш “Дахин төрөх”, хэрэгтэй зүйл байх итгэл найдвар ажээ.

Шум: Хогийн машины дуут дохио

-Хөгжим-

ГУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ

Өгүүлэгч: Хатагтай Сарангийн гэрт. Үнэтэй аваад удаан өмсөж чадаагүй ээжийнхээ гутлыг хог гэж андуураад хаясан Золбоог “шүүх” гэр бүлийн хурал үргэлжилнэ. Энэ айлын өрхийн тэргүүн хэдэн жилийн өмнө  нас барснаас хойш муу ээж нь нь юм бүхэнд самгардан гүйх болжээ. Том хүү нь өрх тусгаарласан боловч төрсөн гэртээ тохиолдсон том жижиг асуудалд үргэлж оролцож санаа тавина. Тийм нэгэн чухаг ээдрээт явдлын улмаас гэртээ ирээд байлаа.

Баатараа: (ууртай бухимдангуйгаар) ...Чи ер нь яах гээд байгаа хүн бэ? Жаахан ухаантай байж болохгүй нь үү... Сурны амт үзүүлээд өгөе л дөө...

Өгүүлэгч: Том хүү нь ийнхүү уурлан тэлээгээ суга татан дүү рүүгээ дайрах үед Саран бага хүүгийнхээ өмнүүр гүйн орж гараа алдлан зогсож амжлаа.

Саран:  Чи зүгээр битгий хүүхэд үрчих. Энэ чинь ухаантай, ухаангүйгээс болсон юм биш. Андуураад л хаячихаж...

Баатараа: Та зүгээр байж байгаач дээ. Би ахынх нь хувьд хэдэн үг хэлж, болохгүй бол сурны амт үзүүлэх эрхтэй биз дээ.

Алимаа: Ээж өөрөө ингээд өмөөрөөд, эрхлүүлээд байдаг байхгүй юу. Түрүүхэн л уйлж унжаад байсан. Энэндээ хэдэн үг хэлүүлэхгүй юм бол ахыг нааш нь ирүүлэх хэрэггүй байсан юм...

Саран: Та хоёр битгий дөвчигнөөд бай. Бээлийн чинээ хүүг ихээхэн шоодох нь ээ. Гайгүй байлгүй... Гарах ёстой юм нь л гарчээ л гэж бодоцгоо.. Та хоёрт хамаагүй...

Баатараа: Яахаараа хамаагүй байдаг билээ. Би энэ гэр бүлийн төлөө үг хэлж болохгүй болсон уу. Таныг бас элдэв юмаар дутагдаж гачигдчих вий гэж санаа зовдоогүй гэж санаа юу. Би аль чадлаараа тус болж, танд бас нэг гайгүй юм өмсүүлчих юмсан, хүний нүдэнд өнгөтэй өөдтэй харагдуулах юмсан гэж хичээдэг биз дээ.

Саран: Би..., би чамаас авсан мөнгөө буцаагаад өгчихнө, гайгүй.

Алимаа: Ээжээ... та болиоч дээ. Ах ямар таниас мөнгө нэхсэн биш. Нэгийг нь өмөөрч, нөгөөгийнх нь сэтгэл рүү ус цацаж болохгүй ш дээ.

Саран: (ууртай) Чи дуугүй байгаад өг. Эх, хүү хоёр тартагтаа тултал эвдрэлцчихгүй байлгүй... Чи ер нь яах гэж ахыгаа дуудсан юм. Миний “хүйтэн” сэтгэл та нарыг өсгөсөн байх шүү...

Өгүүлэгч:  Алимаа, ээжийнхээ ширүүн үгэнд алгадуулсан мэт нулимс цийлэгнүүлсээр хар цагаан дуугүй цаад өөрөө рүүгээ яваад орчихлоо. Энэ ширүүн үгс, үл ойлголцол өөрийнх нь санамсар болгоомжгүй байдлаас болж байгаад Золбоо бүр ч ихээр гэмшиж, ээжийнхээ ард нуугдаж байхын оронд ахдаа хэд сайн ороолгуулсан бол хавьгүй дээр дээ гэж бодно. Тэгтэл ах нь амандаа үглэн үглэн зөөлөрсөөр тэлээгээ буцааж тэлээлнэ. Саран ч уурандаа дэмий үг хэлж хүү, охин хоёрынхоо сэтгэлд юм хийчихлээ гэж гэмшсэн бололтой буруу хараад уйлна... Өрөөнд нам гүм... Уйлж байгаа эхийнх нь шуухитнахаас өөр аниргүй... Таг дуугүй гэмшил...

...Азнаа

Баатараа: Одоо тэгээд яах болж байна аа. Гарлага гарлаа гээд зүгээр хаячихъя гэхнээ даанч хайран... Бараг шинээрээ байгаа гутал биз дээ.

Золбоо:  (дорой дуугаар) Тийм ээ ахаа. Битүү ууттай байгаа болохоор муухай болоогүй байх гэж бодож байна.

Баатараа: Тэгээд бункерт байхгүй байна гээ биз дээ. Хаана гэж хайх болж байна...

Золбоо: Манай эндээс ачсан хогийг Улаанчулуутын хогийн цэг рүү аваачдаг гэж жижүүр эгч хэлж байна лээ. Хоёулаа хамт явъя, ахаа.

Саран: (итгэл муутайхан) СӨХ-ийн дугаар хэд билээ... Манай байрны хогийг яг хэзээ, хааш нь ачсныг лавлаадхая.

Баатар: Манай энэ хороо, дүүргийн хогийг ойрхоноор нь Нарангийн энгэрийн хогийн цэгт л аваачиж таарна...

Саран: Чи яаж мэдэж байгаа юм.

Баатар: Ээжээ, би чинь хотын захиргаанд ажилладаг хүн байна даа, мэдэлгүй яахав.. Хоногт дунджаар 2500 тонн хог хаягдал  нийслэлээс гардаг гэсэн дүн мэдээ бий. Хог ачсан машиныг нь л очихвол...

Саран: (цочирдонгуй) Пээ базарваань. Тийм их хог гардаг гэж үү. Тэгвэл бид чинь удахгүй хогондоо дарагдсан улс болох юм байна дөө. Миний 3 кг хүрэхгүй хоёр гутлыг хаана байгаа гэж хайх вэ. Больж үз таминь.

Золбоо: Ээжээ, жаахан өөдрөг бай л даа, олдох ч юм билүү. Ах  бид хоёр Улаанчулуут руу яваад ирье. Тэгэх үү...

Баатар: Тээр, энд бичсэн байна. Нийслэлийн хот тохижилтын газарын фэйсбүүк хуудсыг дагадаг юм. Өчигдөр л гэхэд  Цагаан даваа, Морингийн даваа, Нарангийн энгэрийн хогийн цэгүүдэд нийт  хог тээврийн 534 машинаар, 2472 тонн хог хаягдал аваачиж булшилсан гэсэн байна.

Золбоо: Ахаа, өнөөдөр ачсан хогийг өнөөдөртөө л булах уу.

Баатар: Арай амжихгүй байх аа... Алив хурдан хувцсаа өмс... Хоёулаа одоо гарвал эндээс хог ачсан машиныг хогоо асгахаас нь өмнө бариад авж ч мэднэ. Ёстой нөгөө СӨХ-өөс ямар марк дугаартай машин явдагийг нь асууя. Хобоо барих утсан нь олдож л таараа.  Манай орц чинь камертай биз дээ...

-Итгэл найдварын хөгжим-

Саран: (баяртайгаар) Ишш... миний хүүхдүүд олоод ирвэл мөн сайн сан. Ээж нь сайхан хоол хийгээд хүлээж байя...

Өгүүлэгч: Саяхан л бөөн гомдол тунил болж, уйлж суусан эх нь хоёр хүүгийнхээ шавдангуй зан, гарц гаргалгаа эрэлхийлж байгаа байдлыг хараад сэтгэл нь уярч зөөлөрчээ. Золбоо түрүүлээд СӨХ рүү гүйж, Баатараа араас нь гарах үед, Саран хэрэг болгон хүүгээ үнсэж,  доголон нулимстай инээмсэглэсээр гаргаж өгөх нь “Ижийгээ уучлаарай...” гэсэн чимээгүй гуйлт уучлал байлаа.

Шум: Хаалга хаагдах чимээ...

-Хөгжим- 

ДӨРӨВДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ

Өгүүлэгч: Баатараа, Золбоо хоёр хотын баруун захын хогийн цэг рүү явж байлаа.

Баатараа: Энэ бүхэн юунаас болсон гэж чи бодож байна?

Золбоо: Миний болгоомжгүй байдлаас…

Баатараа: Өмнө нь чи Алимаагийн хоёр пүүзийг бас хаясан гээ биз дээ?

Золбоо: Тийм…

Баатараа:  (зандрангуй) Тэгээд?

Золбоо: Хар уутанд хийчихсэн байхаар нь л…

Баатараа: Хар ууттай, хар өнгөтэй бүхэн хог уу, чинийхээр?

(түр азнаад)

Миний энэ хар машин… хар уутанд мөнгө хийчихсэн байвал бас хаях уу?

Өгүүлэгч: Золбоо дуугарсангүй. Машин барьж яваа ахыгаа улам уурлуулахгүйн тулд суудалдаа шигдэн, дуугаа хураалаа. Дүү нь үг дуугүй буруугаа хүлээн гэмшиж явааг харсан Баатараа ч аажмаар тайвширна.

Тэд очих газраа ойртож, том тэрэгний дугуйнд ухагдан талхлагдсан, энхэл донхол замаар тоос бужигнуулан тонгочиж явна. Машины доогуур мод, чулуу, төмрийн хог харр хүрр хийх бүрд Баатараа хараал урсгаж, Золбоо биеэ чангалсаар сая нэг хогийн цэгт хүрч буулаа.

Дуу авиа: Шувууд гуагчина. Машины хаазлан уухчиж, хог асгах чимээ..

Өгүүлэгч: Утаа май суунаглаж, үнс тоос бужигнана. Хиншүү хярвас, дугуй, кабелийн тортог, элдэв үнэр ханхална. Хог асгаж байгаа машиныг даган хүмүүс харайлдан, биенээсээ өрсөн ямар нэг юм шүүрч харагдана.

Золбоо ийм дүр зургийг анх удаа харж, анх удаа мэдэрч байлаа.

Баатараа: Юу хаяж байгаагаа мэддэггүй нь ганц чи биш гэдгийг харж байна уу. Манайхан хогоо ангилж мэддэггүйгээс ийм болж байгаа юм. Айл бүр, хүн бүр хогийн уутандаа юу хийж байгаагаа нэг харчихдаг бол өнөөдрийн энэ уул шиг хог үүсэхгүй.

Хоногт 2500 тонн хог үүсэж байна. Гэтэл тэр хүмүүсийг чи хар даа... Түүж байгаа бүхэн нь хэрэгтэй, мөнгө болдог болохоор л ингэж амь зууцгааж байгаа юм.

Тэднийг хараад чи ичиж байна уу?... Харин ч ичмээр нь бид. Уусан ундааны сав, дэвтрийн цаас, нийлэг тор, электроникийн хаягдал, үс ноос, яс арьс, органик гээд ангилж ялгачихаж болдог юмыг бүгдийг нь хутгаад хаячихдаг.

Хэрвээ ангилдаг байсан бол хог гэдэг чинь тоос сорогчны ёроолын шороо шиг л өчүүхэн юм байхсан. Байгаль өөрөө шингээгээд л алга болгоно. Гэтэл одоо энэ бүх замбараагүй, хор хөнөөлтэй юмыг булшлаад, нүднээс далд болгоод болчихно гэж бодож байна. Аймшигтай биз?!

Тэд бол бидний хаясан юмсын дундаас боломж хайж яваа хүмүүс. Ажлын байр л даа. Гэхдээ өөд нар үзүүлэхгүй, хорлонтой ажил…Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй гэдэг. Удирдах дээд байгууллага, шийдвэр гаргах хүмүүс нь  ийм их хог бий болгохыг хүлээн зөвшөөрч байгаа юм. Хууль тогтоомжид хог хаягдлыг дахин ашиглах, дахин боловсруулах, байгал орчинд  ээлтэй байлгах тухай заалт гоё гоё заалт оруулсан боловч хэрэгжүүлэх, дэмжих, хөшүүрэгдэх механизм, төрийн бодлого байхгүй байна.

Хэрвээ хог ангилах сэтгэлгээг дүүрэг бүрт, СӨХ болгонд, айл бүрт, бүр хүний ухамсарт суулгаж чадвал хог гэдэг ойлголт бараг үгүй болно. Гэтэл одоо бид хогоороо өөрсдийгөө дарж, эрүүл газраа ээлж дараалан буртаглаж байна. Энэ цэг дүүрэхээр дахиад өөр газрыг сүйтгэнэ… Бид энэ газрыг хогийн цэг гэж их жижигрүүлж гоёоор нэрлэх боловч хогон далай болж нүүгэлтэн сүйдэлж байгааг харж байгаа биз дээ.  

Хөгжим: Харууслын намуухан аяз.

Өгүүлэгч: Золбоо юу ч хэлсэнгүй. Хөлд нь торж тээглэх бүхэн бодлыг нь ч бүдчүүлэн зовоож “Газар дэлхий, эх байгаль минь…” гэж санахад зүрх сэтгэл нь шимширэх шиг болно.  

Ахынх нь үгнээс “ангилах” гэсэн ганцхан санаа л тод үлджээ.  “Би хогийн хар уутанд юу орсныг нэг ч удаа өнгийж хараагүй юм байна… Ээжийнхээ гутлыг ч тэмтрээд үзээгүй…”Ухаан сохор бол нүд сохор” гэдэг үнэн ажээ...”

Баатараа: За дүү минь, нөгөө хогийн машин чинь наашилж байна. Тэр хавиар л асгах байх. Машин дүүрэн хогноос ээжийнхээ гутлыг яажшуухан олж авдаг хэрэг  вэ хө…

Өгүүлэгч: Золбоо мөн л дуугарсангүй. Гэвч дотроо: “Тэр хүмүүс шиг л дагаж гүйж, ухаж төнхөөд ч хамаагүй олно доо” гэж шийдээд байлаа.

-Хөгжим-

ТАВДУГААР ҮЗЭГДЭЛ

Өгүүлэгч:  Дугаар байрны нэгдүгээр орц, хоёрдугаар орц, гуравдугаар орцны хогийн бункерийг суллан ачсан хогийн машин шахагч механизмаа тасралтгүй ажиллуулсаар явна.

Шум: Төмөр нижигнэх, шахагч “шажигнана”, шил хагарах, мотор нүргэлэх чимээ.

Хуванцар, шил, лааз, төмөр, мод, даавуу, ногооны хальс, 00-ийн цаас, бичгийн цаас, нийлэг уут, хоолны үлдэгдэл цөм дахин холилдож, бүр ч ихээр шахцалдана. Тэдний дунд баруун, зүүн хоёр гутал хоёр биенээсээ хол хол шидэгдэн унажээ.  Машины мотор жигд хэмнэлээр нүргэлнэ. Машин огцом зогсож, гэнэт хөдлөх бүрийд  хаягдлууд барьц алдана.  Лаазнаас тамхины ишнүүд сэгсрэгдэн гарч, гутлын түрий рүү шургана. Хадаасны үзүүр хуванцар савны бөөрийг нэвт сүлбэж, шилний хагархай гутлын түрийг харга яран зүсчээ. Хоолны үлдэгдэл зүүн гутлын түрүүг дүүргэж, 00-ийн цаас буртагаа өнгийн цаасанд нялж орхижээ. Шахагч механизм дахин дуугарна.

Гэсэн ч  хаягдлууд  няцаж, шантарсангүй. Учир нь тэд дахин төрөх боломж бий гэдэгт найдаж байлаа. Гагцхүү энэ хайр найргүй шахагч төхөөрөмжөөс гардаг л юм бол Хуванцар нь хуванцартайгаа, төмөр нь төмөртэйгөө, цаас нь цаастайгаа хамт байж нэгдэн нийлнэ гэдгээ мэднэ. Тэд энэ тухай дахин ярилцах шаардлагагүй, ярилцах ч боломжгүй болцгоожээ.

Моторын жигд дуу өөрчлөгдөж, бартаатай замын донсолгоо мэдрэгдэнэ. Хогийн цэгийн нүсэр орчин тэднийг тосон авч хаман  булшлахад бэлэн зэхээтэй хүлээж байна. Тэнд,  гагцхүү түүвэрч хүмүүсийн гарт өртсөн хаягдал л түүхий эд болж, “дахин төрөх” үйлдвэрийн хаалгыг  татах магаллалтай.  

Баруун гутал: (донсолгоонд) Ээ… ахиад л уналт. Энд чинь хэн хэн байна аа?

Хуванцар сав: Манайхан цөм  юу хийхээ мэдэж байгаа биз дээ. Бүгд ижилхэн гээгдсэн  мартагдсан хувь тавилантай боловч...

Цаас: Намайг  нэг удаа мөрөөдөл бичихэд ашигласан юм. Одоо харин би тэр мөрөөдөлтэй нь энд байж байна.

Шил: Битгий намайг шахаад байгаач, хагарчихвал би бүр дуусна шүү!

Лааз: Ганцаараа бол бид сул дорой, миний метал биетнүүд цуглаарай...

-Таслал хөгжим-

Өгүүлэгч: Хогийн машин хавхлаг хаалтаа алгуурхан нээж удаан жилийн зузаан хогон дунд хаягдлуудыг савируулан асгана.  “Шинэхэн” хогийн асгааг руу түүвэрчид будаа тонших шувууд шиг дайрлаа. Тэдний дунд ээжийнхээ гутлыг олж авна гэж бат шийдсэн Золбоо хүү, Баатараа хоёр ч ханцуй шамлан оржээ.

Шум: Хог асгах нүргээн, төмөр тачигнах, хүмүүсийн шивнээ, хашгираан

Баатараа (дуу нь чангарна): За дүү минь, эндээс л эхэлнэ. Болгоомжтой байгаарай. Гар хуруугаа гэмтээв ээ.

Өгүүлэгч: Золбоо бээлийтэй гараа хар ууттай болгон руу дүрлээ. Хуванцар, цаас, үнс, нойтон хүйтэн юм бээлийтэй гарыг нь эвгүйцүүлнэ. Хар ууттай болгон руу гараа дүрж, тэмтчихнэ. Сүүлдээ гар нь цуцаж, хамар нь хорсож, дотор нь эвгүйрхэнэ. Гэвч шантралгүй үзсээр л байлаа. Түүний дотор хүн “Чи анх удаа л хаясан хогоо нэг бүрчлэн үзэж тэмтэрч байна… анхаарч хараагүй бүхэн чинь ямар байсныг мэдрэв үү…гэж тавлах шиг. Мөнхүү Хог хаягдалаа анхнаас нь заваартуулахгүйгээр зөв ангилан ялгах шиг амархан төвөггүй, хариуцлагтай ажил үгүйг  ойлгов  ав.” гэж тэр нэгэн дотоод дуу хоолой нь шивнээд байх санагдана.      

Өгүүлэгч: Золбоогийн хажууханд нэгэн эмэгтэй хурдан шаламгай хөдөлж, лааз, хуванцарыг ялган түүж байлаа. Хараа хурц, гар нь гавшгай аж.

Эмэгтэй: Юу хайж байна вэ, хүү минь?

Золбоо (ичингүйрэн): Ээжийнхээ… гутлыг.

Эмэгтэй: Ямар гутал болоод энэ хүртэл хайж ирээ вэ? ямаршуу юм бол?

Золбоо: Урт түрүйтэй, арьсан гутал бий. Хар ууттай байх ёстой...

Эмэгтэй: Одоо уутайгаа байна гэж байхгүй ээ, салаад явчихсан байгаа. Чи уутыг нь биш, гутлаа нүдэндээ төсөөлж хай. Ийм нөхцөлд ямар болсон байж болох вэ гэдгийг нь  төсөөлж бод. Тэгвэл нүд, сэтгэл, анхаарал гурав чинь нэгэн цэгт төвлөрөөд олж харж магадгүй.

Өгүүлэгч: Золбоо тэр эелдэгхэн эмэгтэйн үгийг анхааран чагнаж толгой дохисон боловч, “хар ууттай байсан” гэх бодлоосоо салж чадахгүй л байлаа. Дахин нэг уутыг  зад татан үзэхэд өт арвалзсан махны шүүстэй ахуйн хог гарсанд нулимсаа гартал огиж, удтал дотор нь муухайрчээ. Тэгээд ээжийн гутал уутнаасаа задарч гарсан бол хөгийн л юм байх нь дээ гэж төсөөлөн бодох зуурт нөгөө гутлын өрөөсөнг олж харах нь тэр. Түрүй рүү нь ногооны хальс, чихэгдэж элдэв бусаар бохирлоглсон зүүн  хөлийн гутал түүнээс аврал эрэх мэт харагдана. 

Золбоо: (дуу алдан) Оллоо... энд байна... Баатараа ахаа. 

Өгүүлэгч: Тэд ээжийнхээ өрөөсөн гутлыг элдвээр бохирдсон гэлтгүй хоёр гардан үзэж, нандигнан тэвэрч байлаа. Харин өрөөсөн гутлыг хараа чилээн удтал хайсны эцэст урагдаж ноорсон хуучин хүрэмний ханцуй дороос олох нь нь тэр.

Золбоо: Ингээд хосоороо боллоо… ээж минь баярлана даа.

Баатараа: (бахдангуй) Олдлоо доо.

Хөгжим: Намдуу, дулаан аяз.

Өгүүлэгч: Золбоо гутлыг өвөр дээрээ тавиад ижийнхээ хөлийг илэн байгаа мэт элбэнэ. Гэнэт түүний чихэнд нэгэн намуухан дуу сонсогдоно…Гутал ярьж байх шиг  Гутал:  Бид эзнийхээ хөлийг дулаацуулж, олон өдрийг хамт өнгөрөөсөн… Надад буруу байгаагүй… Намайг хаясан нь андуурал болсон. Анзаарга л дутсан…

Өгүүлэгч: Золбоогийн  сэтгэлд “Анзаарга” гэх үг торж байлаа.  “Харах нүд байвч ухаан байхгүй бол сохор.”  гэж салхи шивнэнэ.  Золбоо босож, эргэн тойрноо харна. Хогон дунд ямар нэгийг хайн төнхөж яваа хүмүүс, утаа май, харласан тэнгэр… Гэвч одоо энэ бүхэн түүнд өөрөөр харагдана.

Золбоо: Ахаа…Би дахиж анзааргагүй сохор байхгүй ээ. Бидний хог гэж боддог зүйлс чинь амьгүй хоосон зүйл биш юм байна. Ангилж мэдэхгүй бол бид өөрсдийгөө л гээж, орхиж хаях болно.

Баатараа:  (толгой дохин, инээмсэглэж) Ойлгож мэдрээд ухааны  мэлмийгээ нээжээ. Бид өнөөдөр энд дэмий ирсэнгүй ээ.

Золбоо: Би, ээжээсээ  уучлалт гуйна аа. Бас… Хогоо ангилж эхэлье.

Баатараа: Тэгье. Манайхаас эхэлье.

Нэг айлаас  нэг байр… Нэг байрныхнаас нэгэн хотны айлууд хогоо ангилж хэвшинэ.  

Өгүүлэгч: Ах дүү хоёр машиндаа суугаад явж одно. Ард нь утаа суунаглаж, шувууд гуагчилсаар.

Бүх зүйл сайн тал руугаа эргэх баярын зөн татаж  хүмүүний сэтгэл хэдийн өөрчлөгджээ.

Хөгжим: Найдварын намуухан аяз аажмаар чангарна.

ТӨГСГӨЛИЙН ҮЗЭГДЭЛ

Өгүүлэгч: Алсын үйлдвэрийн чимээ нүргэлэн сонсогдоно. Хогийн цэгээс түүсэн шил, лааз, хуванцаруудын хэн нэгэн хүн үйлвэрт авч иржээ.

Хүнд төмөр хаалга тачигнан нээгдэж, үйлдвэрийн том танхимд гэрэл цутган орж ирнэ. Моторын жигд дуу, туузан дамжлагын жингэнэх чимээ. Энд хог гэдэг нэршил алга  түүхий эд л бий.

Шум: Моторын жигд дуу

Үйлдвэрийн захирал: (эрэгтэй) Өнөөдрийн ангилалт гайгүй байна. Хуванцар дангаараа, металл дангаараа. Органик хольц харьцангуй бага оржээ.

Үйлдвэрийн менежер: (эмэгтэй) Бид түхий эд ээ айл өрөөс, ангилан ялгах анхны цэгээс авч чадах юм бол зардал улам багасна.

Үйлдвэрийн захирал:  Тийм ээ. Бид түүхий эдээ заавал хог дээрээс түүж цэвэрлэх нь нь өвчтөнийг заавал шархадсан хойно эмчилж байгаатай адил.

Өгүүлэгч: Туузан дамжлага дээр янз бүрийн хаягдал хөврөнө. Тэднийг өмнө нь хогийн бункерт байсан гэж итгэмээргүй цэвэрхэн харагдана.

Хуванцар сав: (догдлонгуй, намуухан) Энэ чинь… гэрэл байна шүү дээ.

Өгүүлэгч: Ажилчид ангилан ялгаж эхэлнэ. Гар нь хурдан, хөдөлгөөн уран эвлэг ажээ байлаа.

Ажилчдын дуу: Хуванцуруудыг баруун шугам руу! Тэо нэг зоогдсон хадаасыг нь металийн дамжуурга руу явуулаарай.

Хуванцар сав: (баяртайгаар) Намайг дуудлаа… Дахин төрөх боломж нээгддлээ.

Лааз: (Уртаар санаа алдан ) Энд байхад би хог биш юм байна шүү.

Өгүүлэгч: Хуванцар савыг угаах машин руу шилжүүлнэ.

Хуванцар сав: Би дахин төрнө… гэхдээ хүн надад илүү ухаалгаар хандааасай.

Эрэгтэй (захирал): Үйлдвэрин менежерт ханданана) Түүхий эд маань хогийн цэг рүү шамшигдаж алага болохгүйгээр шууд манай үйлдвэрт ирээд байх юм бол бид бүрэн хүчин чадраараа  ажиллаж улсынхаа эдийн засагт тус нэмрээ үзүүлнэ. Энэ эрчээрээ л  ажиллаад байх юм шүү.

Үйлдвэрийн менежер: (эмэгтэй)  Асуудал үйлдвэрийн ажилллах горимд бус хүмүүсийн сэтгэлгээнд л бий. Айл өрх, байгууллага бүр манай үйлдэрийн нэгэн дамжлага болох аваас байгал эх дэлхийдээ ээлтэй аж төрж чадна. 

Өгүүлэгч: Үйлдвэрийн зааланд гэрэл улам тодорно. Туузан дамжуургын дуу жигдэрч, ажилчдын басгалант дуу цангинана. Хог гэж нэрлэгддэг байсан бүхэн энд дахин төрөх замдаа оржээ. Харин хамгийн чухал нь хүн өөрөө ч бас дадал сэтгэлгээгээ өөрчилснөөр  “дахин төрөх” боломжтой юм.

-Хөгжим-

Зохиолыг бичсэн Монголын Радио (MNB)-гийн Урлаг соёл-Уран зохиолын редакцийн редактор Г.Лхагвадорж

Нийтэлсэн: Г.Лхагвадорж

Дахин төрөх боломж   
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Баажаа [127.0.0.xxx] 10 минутын өмнө
Асуудал дэвшүүлсэн дажгүй болжээ Лхагваадаа баяр хүргэе

Бидэнтэй нэгдээрэй