
Орон нутгийн хэмжээнд 25 жил тасралтгүй зохиогдож аваргуудаа тодруулсаар ирсэн “Адуучин” тэмцээнийг энэ жил Ерөнхий сайдын ивээл дор анх удаа улсын хэмжээнд зохион байгууллаа. 21 аймгийн шилдгүүд өрсөлдөж улсын шилдгийн шилдэг уран уургач, бугуйлч, эмнэг хангал сургагчдыг төрөл бүрт шалгаруулж шагнал гардууллаа. Нийлбэр дүнгээр шилдгийн шилдэг адуучинг тодруулж "Улсын аварга адуучин" цол хүртээлээ.
Хэнтий аймгийн Батноров сумын адуучин Алтаншагай 21 аймгаас ирсэн шилдгүүдээ магнайлж, улсын аварга адуучин болсон бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнд алтан медаль, 8 сая төгрөгийн шагналыг гардууллаа.
Тэмцээний дөрвөн төрөл тус бүрт нэг, хоёр, гуравдугаар байрын эзнийг тодруулж, цул мөнгөн медаль, 3-1 сая төгрөгөөр урамшуулсан бол нийлбэр дүнгээр айргийн тавд шалгарсан адуучин залуусыг мөн цул мөнгөн медаль, 8-4 сая төгрөгөөр шагналаа.
“Адуучин” тэмцээнийг улсын хэмжээний тэмцээн болгоё, адууны соёлоо дээдэлж, адуучин залуусаа алдаршуулъя, Хүй долоон худагт Үндэсний их баяр наадмаас гадна үндэсний хэмжээний ийм баяр наадам зохион байгуулдаг болъё гэж зорьсон тухайгаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг шилдэг адуучидтай уулзахдаа хэллээ. Энэ тэмцээнийг жил бүр зохион байгуулж, монгол эрийн бахархал болсон энэ эрдэм чадлыг гадаад, дотоодын жуулчдад сонирхуулахаар төлөвлөж байгаагаа Ерөнхий сайд тэмдэглээд хоёрдугаар наадмыг ирэх жилийн есдүгээр сард зохион байгуулна. Наадмыг уламжлал болгосноор адууны соёл, адуучны эрэмгий чадлыг дэлхийд таниулах боломж бүрдэнэ гэж онцоллоо.
Шилдэг адуучин тодорлоо | ||
Үзсэн: 4887 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.