Увс аймгийн Ховд суманд суугаа ээж Ш.Өндөгөөдөө энэхүү захидлаа бичиж байна.
Сайн байна уу ээжээ. Таньдаа мартын 8-ны мэндийг хүргэе. Анх удаа таньдаа захидал бичиж байгаадаа баяртай байна.Ээждээ маш их хайртай шүү. Гэсэн ч энэ үгийг сэтгэл дотроо бодож явснаас биш ганц ч удаа болов ил гаргаж хэлж байгаагүй юм. Та минь 8 хүүхэд төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн бурхан болсон аавын минь буянтай хань. Аав та 2 минь 63 жил хамтдаа амьдарч, үр хүүхэд бидний сайн сайхны төлөө биеэ хайрлалгүй хөдөлмөрлөсөөр өдий та 84 насыг наслаж байна. Та минь одоо ч гэсэн бидний төлөө санаа сэтгэл амаргүй суугааг охин нь маш сайн ойлгож байна. Та 2 минь насаараа мал маллаж 1980 онд аав БНМАУ-ын аварга малчин цол авч, 1981 онд ээж минь та А.И.Х-ын депутатаар сонгогдон УБ хотод ирж чуулганд сууж төрийн хууль, 5 жилийн төлөвлөгөө гар өргөн батлалцаж явсан төрийн түшээ байсан. Та бол үр хүүхэд, ая гучаа өсгөн хүмүүжүүлж явсан багш, өвдөж халуурахад дэргэд нь байсан эмч, хувцас оёж мөр бүтэн байлгаж байсан оёдолчин, өлсөх вий гэж хоол цайгаар ундаалж байсан тогооч, аавыг асарч халамжлан түшиг тулгуур болж явсан багана нь байсан шүү.
Ээжээ охин нь таниасаа хол амьдарч таны сэтгэл санааг зовоож явсан бол уучлаарай. Та минь маш их хөдөлмөрч, ажилсаг хүн байсны тод жишээ бол тэр үеийн нэгдлийн сүрэг олон хонь, ямаа төллөж байх үед нойр хоолоо хасан байж төл болгоныг мал болгох гэж зүтгэж өвдсөн, өлсөж гуйвсан, эх нь голсон төл тэр бүхнийг нэг бүрчлэн эмчлэхийг эмчилж, эхэд нь олгохыг олгож, өлсгөлөн байгааг нь сүү өвс, ус өгч мал болгоод санаа амар суугаагүй хавар нь ямаа самнах, зун нь сүү цагаан идээ боловсруулах, намар нь өвс хадлан тэжээл, өвөл нь өвөлжилтийн бэлтгэл гээд тэр болгонд шантралгүй жилийн 4 улиралд ээлжлэн ажилласаар байсан тэр үе санаанаас гарахгүй үргэлж таниараа бахархаж явдаг шүү. Энэ бол таны залуу насандаа хийж явсан ажлуудын нэгээхэн хэсэг. Таны үр хүүхдүүд бидэндээ захиж хэлж, зааж усргаж байсан бүхэн тань амьдралд минь их хувь нэмэр болж байна. Таньдаа 51 настай жаахан охин нь энэ захидлыг бичиж суухдаа ээж таныгаа маш их санаж байгаагаа мэдэрлээ. Ээжээ охин нь тандаа хайртай шүү. Удахгүй уулзахын ерөөл дэвшүүлье. Түр баяртай ээжээ.
СХД 6-р хороо Тоосгоны 30-17 тоотод оршин суугч
Ө.Цэцэгбадамаас
| Ээждээ бичих захидал №25 | ||
| Үзсэн: 2870 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.