Шууд Chart

Ачаа шилжүүлэн ачих байгууламж хоногт 902 вагоныг шилжүүлэн ачиж байна

2022-05-25 11:25:58

Замын-Үүд дэх ачаа шилжүүлэн ачих байгууламж хоногтоо 902 вагоныг шилжүүлэн ачиж, 1100 орчим вагон буулгах хүчин чадалтай. Өнгөрсөн жилд л гэхэд тэд энэ үйл ажиллагаанаас 27 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Манай улсын нийт гадаад худалдааны 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор дамждаг. Өөрөөр хэлбэл, манайх шиг далайд гарцгүй орны дэлхийн зах зээлтэй холбогдох том гарц юм. Тус боомтод анхны төмөр замын ачаа шилжүүлэн ачих байгууламжийг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 1995 онд байгуулж байжээ. Энэ төмөр замын цогцолбор өнөөдрийг хүртэл 20 гаруй жилийн туршид хэвийн үйл ажиллагаа явуулж, манай орны эдийн засагт хувь нэмэр оруулсаар байгааг УБТЗ ХНН-ийн харьяа Замын-Үүд дэх Ачаа шилжүүлэн ачих ангийн дарга Г.Цогтбаатар онцоллоо.

1990 оны эхэн үед Монгол, Хятад хоёр улсын төмөр замын царигийн өргөн зөрүүтэйгээс гадны орнуудаас ирж буй ачааг дотооддоо шилжүүлэн авахад туйлын хүндрэлтэй байжээ. Тиймээс хоёр улсын хил орчимд ачаа шилжүүлэн ачих байгууламж барих чухал шаардлагатай байсан юм. Энэ үед тухайн үеийн Төмөр замын Хэрэг эрхлэх газрын дарга Р.Раш Японы Элчин сайдын яамаар дамжуулан хүсэлт гаргаж, 27 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж чаджээ. Төсөл хэрэгжсэнээр ачаа тээврийн эргэлт хурдсаж, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтворжих, олон улс дахь манай улсын нэр хүнд өсөх зэрэг томоохон үр дүнгүүд гарсныг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, УБТЗ ХНН-ийн даргын зөвлөх Р.Раш ярилаа.

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Өнгөрсөн хугацаанд Zпоны засгийн газраас манай улсад томоохон бүтээн байгуулалтын олон төсөл хэрэгжүүлсэн. Харин ирэх 50 жилд хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, чанартай боловсон хүчнийг бэлтгэх, хоёр орны ард иргэдийн соёлын харилцааг гүнзгийрүүлэхэд илүү анхаарна гэж Япон Улсын Элчин сайдын яамны Гуравдугаар нарийн бичгийн дарга Катанода Томоки хэллээ.

Монгол, Японы найрамдалт харилцааны гол бэлгэ тэмдэг нь Замын-Үүд боомт байх болно гэдгийг төмөр замын салбарынхан онцолж байсан юм.

Ачаа шилжүүлэн ачих байгууламжаар дамжин орж ирсэн эдийн засгийн үр өгөөж орчин цагийн Монголын хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан. Тиймээс Японы ард түмний хүнд хэцүү цагт гар сунгасан тусламжийг хүүхэд залууст таниулах нь зүйтэйг талууд тодотголоо.


Ачаа шилжүүлэн ачих байгууламж хоногт 902 вагоныг шилжүүлэн ачиж байна   
Үзсэн: 818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй