Шууд Chart

“Бүргэдийн баяр-2024” наадам эхэллээ

2024-03-09 14:43:28

БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар хамтран зохион байгуулж буй “Бүргэдийн баяр-2024” наадам эхэллээ.

Тус наадам нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд бүргэдчид тулам булаацалдах, газраас зоос шүүрэх, бүргэдээр хиймэл ан бариулах гэсэн гурван төрөлд өрсөлдөнө. Түүнчлэн морьт харваа, анч нохдын үзүүлбэр, хоол хүнс, гар урлалын бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн худалдаа, бусад үйлчилгээг дэлгээд байна.

Мөн нээлтийн үеэр шилдэг 21 бүргэдчинийг алдаршуулсан юм.

“Бүргэдийн баяр-2024” наадам өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш буюу гуравдугаар сарын 9, 10-нд 11:00-18:00 цагийн хооронд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно.

Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн энэхүү уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг. Эл уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ.

Манай улс уг уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байна. 


“Бүргэдийн баяр-2024” наадам эхэллээ   
Үзсэн: 1176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй