Шууд Chart

Бодлогоос “гээгдсэн” туслах багш

2024-09-19 11:25:57

Хүүхдийг хамгаалах үүрэгтэй цэцэрлэгийн багш хүүхдийн биед халдсан, үл хайхарч ялгаварласан талаар иргэдийн дунд яригдаж, энэ төрлийн мэдээллүүд цахим орчинд тархсаныг үзэж, харсан л байх. Үүний учир шалтгааныг нь хайлаа.

Баримт 1: Цэцэрлэгийн туслах багшийг 2021 оноос өмнө 7-14 хоног сургаж байсан бол 2021 оноос хойш 45 хоногийн хугацаанд бэлтгэж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хийсэн шалгалтаар “Цэцэрлэгийн туслах багшийг 2020 он хүртэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний төвөөс эрх олгосон түр сургалтын байгууллагад богино хугацаагаар бэлтгэж байсан нь цэцэрлэгийн туслах багшийн албан тушаалын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхүйц, ур чадварыг эзэмшүүлэх, сургалт, нэгдсэн бодлого, төлөвлөлт, бүртгэл, хяналтгүй явагдаж ирсэн байна” гэж дүгнэжээ.

Энэ дүгнэлтээс харахад, одоо ажиллаж байгаа найман мянга гаруй туслах багшийн тэн хагасаас дээш хувь нь богино хугацааны сургалт явуулах тусгай эрхтэй сургалтын төвийн гэрчилгээ, чадамжийн гэрчилгээтэй. Орхон болон Дархан-Уул аймгийн цэцэрлэгт ажилладаг туслах багш нарын олонх нь буюу 70-90 хувь нь сургалтын төвийн батламж, гэрчилгээтэй. Сэлэнгэ аймаг ч мөн ялгаагүй 70 орчим хувь нь ийм бичиг баримттай байна. Нийслэлд мөн дөрвөн мянга гаруй багш байгаа ч хэзээ, хаана суралцаж цэцэрлэгийн туслах багш болсон тухай нэгдсэн мэдээлэл байхгүй.

Баримт 2: Туслах багш бэлтгэдэг сургалтын төвүүдийн зарим нь 2020 оноос өмнө сургалтад суугаагүй хүнд гэрчилгээ олгодог байжээ

Энэ төрлийн зөрчлийг илрүүлж холбогдох газарт нь мэдээлж байсан талаараа Монгол Улсын Боловсролын их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн захирал Л.Ганцэцэг ярьсан юм.

Сургалтад суулгүй батламжаа авч, цэцэрлэгт нэг жил гаруй хугацаанд туслах багшаар ажилласан эмэгтэй ингэж ярив. Түүний хүсэлтээр дууны өнгийг өөрчиллөө.

Сургалтад суугаагүй багш нар бага насны хүүхдүүдийн насны онцлог, зан аашийг таньж мэдэж, тэдэнтэй ажиллаж чадах уу?

Орон нутагт болсон зөрчлийг баримтаар хүргэе ээ.

Баримт 3: Ёс зүйн алдаа, зөрчил гаргасан 3 тохиолдол Орхон аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт бүртгэгджээ

Аймгийн хэмжээнд энэ төрлийн дөрвөн зөрчил гарсны гурвыг хүүхдийн эрхийн улсын байцаагч шалгасан байна.

Энэ талаар Орхон аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга О.Ариунгэрэлтээс тодрууллаа.

Баримт 4: 2024 оны эхний сарын байдлаар Орхон аймагт цэцэрлэгийн орчинд хүүхдийн биед халдсан нэг удаагийн зөрчил бүртгэгдсэн байна

Энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар Орхон аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Цагдаагийн дэслэгч Б.Цогтбаяраас тодрууллаа.

Хүүхдийн биед халдсан зөрчлүүдийг цахим орчинд л шуугиад  өнгөрөх үү? Үүнд хэн санаа тавих вэ?

Боловсролын яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмараас асуулаа.

Туслах багшийг нэр бүхий долоон их, дээд сургуульд бэлтгэх тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал 2021 оны 3-р сард гарсан.

Энэ тушаалыг үндэслэн туслах багш нарыг дахин сургалтад хамруулах чиглэлийг аймаг, орон нутгийн Боловсролын газарт өгчээ. Гэсэн ч энэ шийдвэр бүрэн хэрэгжээгүй нь багш бэлтгэх арга зүй, тогтолцоо нь өөрөө дутмаг байгаагийн илрэл гэлтэй.

Баримт 5: Энгийн хүүхдүүдтэй хамт сурах боломжтой, хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд цэцэрлэгтээ гадуурхагдаж, үл хайхрах хүчирхийлэлд өртжээ

Хоёр жил гаруйн хугацаанд цэцэрлэгт явахдаа юу ч сурч чадалгүй гэртээ байсан хүүг өдөр тутмыг дадал, үйлдлийг хийж чадах чадвартай болгосон түүхээсээ “Гэрэлт Андаган” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Н.Солонго хуваалцлаа. Туслах багш нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй харьцах, тэднийг ойлгож, уйгагүй зааж сургах дадал, сэтгэл зүйтэй байх ёстойг онцолсон юм.

Зарим орны туслах багш бэлтгэдэг арга туршлагыг сонирхлоо. Австри улсын Вена хотод цэцэрлэгийн багш мэргэжлээр суралцаж байгаа Б.Мөнхсоёлтой тухайн улс туслах багшаа хэрхэн бэлтгэдэг талаар ярилцлаа.

Австри улс багш мэргэжлийг сонгон суралцаж байгаа хүнд эхний нэг сар багш мэргэжлээр сурч, дадлага хийх явцдаа цааш суралцах уу, үгүй юу гэдэг сонголтыг өгдөг. Энэ нь бага насны хүүхэдтэй ажиллах нь хүнээс маш их чадвар шаарддаг, чухал ажлын байр гэдгийг илтгэдэг гэлээ.

Багш болох эсэхээ сонгоход Австри улс нэг сарын хугацаа өгч байхад манай улс энэ хугацаанд туслах багшийг хэдийн бэлтгээд гаргачихдаг байна.

Баримт 6: Туслах багшийг хөгжүүлэх, чадавхжуулах сургалт боловсролын салбарт хамаардаггүй

Шалтгааныг Боловсролын ерөнхий газраас тодруулахад, цэцэрлэгийн үндсэн багшийг чадавхжуулах сургалтад хамруулна гэж холбогдох хууль журамд заасан байдаг. Түүний дагуу л ажиллаж байна гэсэн юм.

Гэхдээ туслах багшийг бэлтгэх хугацаа, сургалтын агуулгыг шинэчлэх шаардлагатай гэж Боловсролын ерөнхий газрын Сургуулийн өмнөх боловсролын Сургалт хариуцсан мэргэжилтэн Д.Нарантуяа хэллээ.

Энэ нэвтрүүлгийг бэлтгэх явцдаа бид цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг, эхчүүдээс тандалт судалгаа авсан юм. Судалгаанд оролцсон 130 эцэг, эхийн 60 гаруй хувь нь хүүхэд нь туслах багшийн зүй бус харилцаанд ямар нэгэн байдлаар өртөж байсан гэж хариулжээ.

Голчлон хүүхдийг нь зандрах, хөл, гар руу нь цохих, бусад хүүхдээс ялгаж харьцах, анги хамт олныг хамарсан үйл ажиллагаанд оролцуулахаас цааргалдаг гэсэн юм. Суралцах чадварын хувьд бусдаасаа ялгаатай, хөдөлгөөн ихтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ихэвчлэн номхон суулгадгийг эцэг, эхчүүд онцолж байлаа.

Гэвч ажлаа хийхийн тулд хүүхдээ цэцэрлэгт өгдөг, элдэв гомдол гаргалгүй өнгөрөөдөг гэж судалгааны нэмэлт асуултад хариулсан байна.

Хэрэв гомдол гаргавал хүүхдийг нь бүр ихээр гадуурхана гэсэн айдастай байдаг...

Тэгвэл хилийн чанадад амьдардаг ээж, аавуудын хариулт эсрэгээрээ... Японд амьдарч байгаа Б.Гэрэлмаа япон багшийн ур чадвар, харилцаа хандлагын талаар ном хэвлүүлсэн. Япон багш нар цэцэрлэгийн өдрийн хуваарийг өөрсдийн гараар Эцэг, эхтэй харилцах дэвтэрт бичиж өгдөг байна. Хүүхдийн хийсэн ажлын талаар нарийвчлан бичихдээ “Өнөөдөр таны хүүхэд элс хутгаж асгах үйлдлийг нэг дор 20 гаруй удаа давтаж хийлээ. Найзуудтайгаа харилцаа үүсгэхдээ их тааламжтай байлаа. Таныг хүүхдээ хүргээд явсны дараа хүүхдийнх нь сэтгэл санааг засахын тулд гудмаар жаал алхлаа. Өглөө бага зэрэг таагүй, гунигтай байсан хүү нь удалгүй инээж, баясаад тайвширсан болохоор бид цэцэрлэгтээ орсон” гэхчилэн бичдэг байна. Японд амьдардаг ээж Б.Гэрэлмаа ингэж ярив.

АНУ-д амьдарч байгаа залуу гэр бүлтэй мөн энэ сэдвээр ярилцлаа. Тэд цэцэрлэгийн багшийн талаарх бүх мэдээллийг цахимаар авдаг учраас харилцаа, хандлагад санаа зовдоггүй гэсэн юм.

Олон улсад цэцэрлэгийн багшийг үндсэн болон туслах гэж ялгалгүйгээр үнэлж, ямар төрлийн мэргэшүүлэх болон хөгжүүлэх сургалтад хамрагдах шаардлагатайг тогтоодог жишиг байна. Манай улсын хувьд туслах багшаа үнэлдэг үү?

Боловсролын үнэлгээний төвийн Үнэлгээ хөгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гантуяа ингэж ярилаа.

Одоо хэрэгжиж байгаа “Багшийн ажлыг үнэлэх дүгнэх журам”-аар цэцэрлэгийн туслах багшийн ажлыг үнэлдэггүй.   

Харин бодит байдал дээр туслах багшийн оролцоо өндөр. Наад зах нь бүлгийн багш эзгүй үед туслах багш ангиа хариуцна. Хүүхдүүдийг хооллож, сургаж, асарч, хамгаална.

Гэвч туслах багшийг бэлтгэх, үнэлэх тогтолцоо боловсролын салбарын бодлогоос “гээгдээд” уджээ.

“Хамтын эрэн сурвалжилга”, “LINE PEN баг


Бодлогоос “гээгдсэн” туслах багш  
Үзсэн: 818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй