Шууд Chart

Ерөнхийлөгч Инчёны наадамд амжилт гаргасан тамирчдад баяр хүргэв

2014-10-21 16:29:38

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр  Монголын үндэсний Олимпийн хороонд хүрэлцэн очиж БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн зуны спортын XYII наадамд амжилттай оролцсон баг тамирчидтай уулзлаа.

Монголын баг тамирчид Инчёны наадмаас таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл, нийт 21 медаль хүртэж багийн дүнгээрээ 16 дугаар байрт жагссан нь урьд өмнө үзүүлж байгаагүй амжилт болсон юм.
 
Энэ үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч "Инчёны наадамд оролцоод ирсэн тамирчдадаа, спортынхондоо ард түмнээ төлөөлж байгаагийн хувьд ирж баяр хүргэе гэж бодлоо. Та бүхэн сайн оролцсон. Энэ амжилтаа улам цаашаа баталгаажуулах хэрэгтэй. Монголын нэрийг гаргахын төлөө сайн зүтгэсэн. Одоо амжилтаа улам нэмж цаашаа явах хэрэгтэй. Тамирчин хүн амжилтаараа гялалзаж, шүтэж биширдэг хүмүүсийнхээ дэмжлэгийг авахын төлөө явдаг.  Ерөнхийлөгчийн зүгээс, Засгийн газрын зүгээс, олон нийтийн байгууллагын зүгээс, та бүхнийг дэмждэг аж ахуйн нэгж, хамт олны зүгээс, та бүхнийг шүтэн биширч дэмждэг хүмүүсийн зүгээс яаж улам цаашаа дэмжлэг нэмэх вэ, яаж үүнийг зохион байгуулалтад оруулах вэ, хэн яаж энэ сайн үйлс рүү хувь нэмэр оруулах вэ гэдгийг бодох шаардлагатай. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Бидний өмнө томоохон зорилтууд байна. Зүтгэж ажиллая. Миний хувьд спортынхонтойгоо үргэлж хамт байна. Та бүхнийг дэмжиж ажиллана гэдгээ хэлье” хэмээн онцлолоо.
 
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Инчёны наадмаас алтан медаль хүртсэн тамирчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал буюу Ерөнхийлөгчийн хишиг  хүртээлээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхийлөгч Инчёны наадамд амжилт гаргасан тамирчдад баяр хүргэв  
Үзсэн: 941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй