Шууд Chart

Богд уулын аяллын маршрутыг тохижуулах төслийг танилцуулав

2021-05-08 07:49:16

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан иргэдийн ихээр зорчдог Богдхан уулын аяллын маршруттай танилцаж, тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийх үүрэг өгсөн юм. Энэ дагуу энэ сарын 7-нд болсон Засаг даргын зөвлөлийн хурлаар Зайсан-Богдхан уул чиглэлийн аяллын маршрутыг есөн байршилд тохижуулах ажлын танилцуулгыг хийлээ.

Зайсан-Дугуй цагаан-Баруун ширээт чиглэлд амралтын өдрүүдэд зуны улиралд 3000-4000 иргэн, өвлийн улиралд 1000-2000 иргэн ууланд тогтмол алхдаг гэсэн тоон үзүүлэлт байдаг аж.

Тиймээс Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн биеийн тамир, уулын явган алхалтыг дэмжих, тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн унаган төрх алдагдахаас хамгаалах, зөв боловсон эко аяллыг цогцоор нь хөгжүүлж, Богд хан эко парк бий болгохоор зорьж буй аж.

Одоо байгаа явган зам нь хөлийн явдлаар хад чулуу нь ил гарсан, бороо, цасны шавар болон байнгын сүүдэртэй хэсгүүдэд мөстөж гулгаа үүссэн эрсдэлүүд өндөр байгаа учраас тодорхой хэсгүүдэд эрсдэлийг бууруулах хүрээнд байгалийн материалыг ашиглан хэсэгчилсэн засвар хийх юм байна.

Мөн ууланд алхагчдад чухал хэрэгцээтэй зүйлийн нэг нь ус бөгөөд тодорхой төвлөрсөн цэгүүдэд ус уух цэгүүдийг төлөвлөх шаардлагатай байгаа гэлээ. Түүнчлэн иргэдийн амрах цэгүүдийг шинэчилж, өндөрлөг цэгт хот болон байгалийн үзэгдэх орчныг харах боломжийг бүрдүүлэх юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Богдхан уулын аяллын маршрутыг тохижуулах ажлыг чанарын өндөр түвшинд хийх хэрэгтэй”-г анхааруулаад олон улсын стандарт,  Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийг баримтлан тохижилтын ажлаа хийх ёстой гэлээ. Мөн урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан тохижилтын ажлаа шуурхай хийхийг үүрэг болгов.


Богд уулын аяллын маршрутыг тохижуулах төслийг танилцуулав  
Үзсэн: 845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй