Шууд Chart

Орон гэргүй иргэдийн эрх зүйн орчныг сайжруулах зөвлөмж гаргалаа

2022-12-09 10:21:43

Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний нэг төрөл нь гэр оронгүй, тэнэмэл амьдралтай, архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх үйлчилгээ юм.

Тус үйлчилгээг үзүүлж байгаа төрийн бус байгууллагууд, үйлчилгээг үзүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилладаг төрийн байгууллагуудын хамтарсан хэлэлцүүлгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өчигдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ХХҮЕГ, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, нийслэлийн 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс зэрэг байгууллагын 50 гаруй ажилтан, албан хаагчид оролцож, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцов.

ХНХЯ-ны НХБЗХГ-ын дарга Б.Ундрал, ХХҮЕГ-ын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр тэргүүтэй холбогдох албаны төлөөлөл оролцсон “Гэр оронгүй иргэдийг нийгэмшүүлэх, түр хоноглох байранд байрлуулах үйлчилгээг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт дөрвөн илтгэл тавилаа.

Хэлэлцүүлгийн хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газраас түр хоноглох үйлчилгээг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа ”Энэрэл” эмнэлгээс архины хамааралтай иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа талаар, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс архидалтыг бууруулах чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, “Өлзийт асар” төрийн бус байгууллага гэр оронгүй болох шалтгаан нөхцлийн талаар тус тус илтгэл тавьж, зургаан төрлийн зөвлөмж гаргав.

Тус зөвлөмж нь салбар дундын уялдаа холбоог сайжруулах, гэр оронгүй иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах, архины хамаарал, хорт зуршлаас салгах, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх улмаар гэр оронгүй иргэдийн талаар төрөөс баримталж буй бодлого, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэгдсэн юм.

Энэхүү үйл ажиллагааг дүгнэн ХХҮЕГ-ын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр 7 арга хэмжээ бүхий Зөвлөмж боловсруулсныг танилцуулав.

Архины хамааралтай гэр орноосоо дайжсан, өөрийн гэсэн гэр оронгүй иргэдийг илрүүлэн бүртгэлжүүлэх ажлыг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан. Уг арга хэмжээний хүрээнд 48 иргэнийг гэр бүлд нь эргэн нэгтгэж, 62 иргэнийг Нийгмийн хамгааллын тусгай төвд байрлуулан, 1 иргэнийг Энэрэл эмнэлэгт хэвтүүлж, 65 иргэнийг түр хоноглох үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэж буй төрийн бус байгууллагуудад хүргэсэн юм.

Өнөөдрийн байдлаар түр хоноглох байранд байрлуулах үйлчилгээ үзүүлдэг 7 төрийн бус байгууллагад 396 иргэн байрлаж байна.

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар


Орон гэргүй иргэдийн эрх зүйн орчныг сайжруулах зөвлөмж гаргалаа  
Үзсэн: 253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй