
Үсээ хагалаад гельдсэн, хар костюм өмсөж, ширэн цүнх барьсан хэн нэгэн МҮОНРТ-ийн аль нэгэн албаны өрөөний хаалгаар толгойгоо цухуйлган “Маркетингийн албаны Мөнхбаттай уулзах гэсэн юм. Аль өрөөнд суудаг юм бол?” асуух. Өрөөнд суусан бас нэгэн “Маркетингийн албанд ямар Мөнхбат байдаг юм бол оо? Шинээр орсон юм болов уу? За мэдэхгүй юм байна?” гэж хариулна. Нөгөөх залуу “Танайд олон жил ажиллаж байгаа байх. Өглөө хөтөлбөрт хөтлөгч хийдэг байсан?” гэж асууна. Өрөөнд суугаа нэгэн тэгэхэд “Тэгээд түрүүн хэлэхгүй яасан юм бэ? Өглөөний “Хар” Мөөгий л байна шүү дээ. Цаана чинь суудаг” хэмээн зааж өгнө. /Иймэрхүү явдал өдөр бүр тохиолдоно шүү/..
Наадамд зодогловол начны энтэй, найран дээр дуучин болох, “Өглөө”-өөр овоглосон телевиз радиогийн хэдэн “хар”-уудын нэг Бадарчийн Мөнхбаттай цаашлаад хорвоо дэлхий, наашлаад өөрийнх нь “хувь, хувьсгал”-ын талаар цөөхөн мөч хөөрөлдлөө.
- Ямар ч хүнд хамт олноороо, ажил албаараа овоглуулах шиг сайхан зүйл гэж байдаггүй байх?
- Тэгэлгүй яахав. 2005 оны 9 сард тухайн үеийн “Үдшийн хэмнэл” студид анх ажилд орлоо. “Хатуу тоглоом” нэртэй нэвтрүүлэг бэлддэг байлаа. Жилийн дараа “Өглөө” хөтөлбөрт эрэгтэй хөтлөгч хэрэгтэй байна гэхээр нь шалгуулаад тэнцсэнээс хойш бараг л 10 гаруй жилийн турш туршлагатай, ажилсаг хамт олныхоо дунд ажиллаа даа. “Өглөө” хөтөлбөр гэдэг чинь хүнийг ажилд сургадаг, цаг барих, хурдтай, шуурхай байхыг шаарддаг газар. Юм юмыг л хийнэ дээ. 2007 онд миний “Алтан партнёр” Гэрлээ маань төрөөд ганцаараа үлдлээ. Өглөөдөө эфиртээ сууж хөтлөнө, өдөр нь сурвалжлагатаа гарна, орой нь эвлүүлгээ хийнэ гээд л бүх зүйл толгой дээр овоорсон. 8 сар гаруй ганцаараа явсан даа.
Ер нь тэгээд “Өглөө”-д орсон хүн зургаа ч авдаг, эвлүүлгээ ч хийдэг, сурвалжлагад ч яваад “универсал телевизийн ажилтан” болно шүү дээ. 2007 онд Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж “Чандмань” студийн сэтгүүлч Д.Баярсайхан бид хоёр Бразилийг зорилоо. Хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй гээд зураглаач явсангүй. Тэгээд Баяраа ахыг сурвалжлага хийхээр би зургийн аваад, намайг хөтлөлт хийхээр Баяраа ах зураг аваад л. Харин ганц ганцаараа явсан үедээ хайрцаг дээрээ камераа тааруулж тавьж, асаагаад л хөтлөлтөө хийнэ. Бас болоогүй орой нь өрөөндөө Олимпын алтан медальт Н. Түвшинбаярын бэлтгэл хангагч нь болно. /инээв/ Хэд хэдэн удаа толгойгоо дүүртэл шидүүлсэн дээ. Үүндээ ч их баярлаж явдаг юм.
- “Өглөө” хөтөлбөр өдөр тутмын нэвтрүүлэгтэй ажил ихтэй алба. Телевиздээ хайртай, сэтгэлтэй хүн л ажиллахгүй бол халширмаар ч бас бахархмаар ажилтай газар даа?
- Би ч “Өглөө” хөтөлбөрөөрөө тамгалагдсандаа баярлаж явдаг. “Өглөө”-гийн тогоонд чанагдсан хүн гэдэг чинь ажлыг хийж сурдаг. Үнэндээ маш туршлагатай, хөдөлмөрч, уран бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс байсан болохоор тэд одоо ч сайн явцгаана. М Наранбаатар ах МҮОНРТ-ийн даргаар нэлээд олон жил, “Алтан партнёр” Гэрлээ маань одоо энэ байгууллагын дэд дарга, найруулагч Ё.Лхагвасүрэн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанд ахмад цолтойгоор ажиллаж байна гээд дурдаад байвал олон доо.
- Чи бид хоёрын яриа яаж ийгээд “Өглөө” рүү хальтраад орчих гээд байх юм. Телевизийн урлаг руу уруу хэн уруу татав?
- Би ер нь удмаа дагасан гэж боддог. Ээжийн нагац ах нь Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ Л.Ванган түүний дүү Монголын циркийн урлагийг үндэслэгчдийн нэг Л.Нацаг гэж хүмүүс байсан. Ээжийн дүү нь “Өнөр бүл” киноны “Гажиг Гармаа” нэрээрээ олонд алдаршсан МУГЖ Ч.Алтан-Өлзий шүү дээ. Манай аав маань МУСТА, дуучин Бадарч гэж хүн байлаа. “Буурал аав” минь гэдэг сайхан 1960-аад оны үед дууг анх дуулсан болохоор манайхан одоо ч энэ дууг “Манай гэр бүл”-ийн дуу гэдэг.
Нарлаг өндөр Алтай уулнаа
Намрын хяруу уналаа даа
Настай буурал аав минь
Намайг дурсан суугаа даа
гээд л эхлэхээр эрхгүй сэтгэл огшоод ирдэг юм. Бага байхдаа Б.Жаргалмаа эгч бид хоёр толины өмнө сам бариад л телевизийн хөтлөгч нарыг дууриана. Тэгэхэд аав маань “тэг ингэ, ингэж хэл, тэгж ярь” гээд л зааж өгдөг байсан нь хожим телевизийн урлагт татагдахад ихээхэн нөлөөлсөн байх. Уг нь би Хөгжим бүжгийн коллежийг морин хуурчаар төгссөн шүү дээ. Одоо бараг мартаа биз. Гэхдээ ч айлын жавар үргээгээд морины татлагыг татчих байх аа. /инээв/
- Телевизэд Б. Жаргалмаа эгч чинь хөтлөөд оруулсан гэсэн. Ингэхэд хөгжилтэй явдал их тохиолдоно биз?
- Тэгэлгүй яахав. “Өглөө”хөтөлбөрт ороод удаагүй байлаа. Нэг өдөр шууд эфир тулаад, зочин маань ар гэрийн асуудлаас болоод ирдэггүй. Галзуурахад ганц хуруу амьтан ийш тийшээ утас цохилоо. Тэгсэн найруулагч Ё.Лхагвасүрэн ах “Ариунбаатар гэдэг дуурийн залуу дуучин байгаа. Түүнийг оруулчих” гэлээ. Одоо дэлхийд Монгол улсынхаа нэрийг гаргаж байгаа МУГЖ Г.Ариунбаатар шүү дээ. Тэр анх удаа нэвтрүүлэгт орж үзэж байгаа. Би ч удаагүй, туршлагагүй. За тэгээд л шууд ярилцлагаа эхлэлээ дээ. “За аль чуулгынх вэ? гэлээ.
Сүлд чуулга л гэж байна. СУИС-ийн оюутан гэлээ. Ямар уран бүтээл хийв? гэж асуулаа. Юу ч хийгээгүй л гэж байна. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна ? Юун дээр ч ажиллаагүй байна гэлээ” Тэгээд ярих юм олддоггүй ээ. Нэвтрүүлгээ үргэлжлүүлэхийн тулд Төв аймгийн тухай ярилаа. Бас л дууслаа. Бүр сүүлдээ ярих юм олддоггүй СУИС-д ямар ямар шалгалт авдаг, яаж элсдэг тухай болоод явчихлаа. Тэгж байж арайхийн нэвтрүүлгийнхээ цагийг дуусгалаа. Сүүлд Г. Ариунбаатар МУГЖ цолоо авчихаад надад ирж үнсүүлэхдээ “Мөөгий ах минь анх миний нүүрийг хагалсан шүү “ гэж билээ.
- Телевизийн ажил гэдэг ер нь цаг завгүй хэцүү шүү дээ. Ар гэрийн амьдрал заримдаа орхигдох гээд байдаг?
Ажлын онцлог юм уу даа. Ар гэрийн ажлыг эхнэр л голдуу зохицуулна. Миний эхнэрийг Б.Сарантуяа гэдэг. Олондоо нэр сайтай, орсон гарсанд цайтай устай жирийн л сайхан Монгол бүсгүй. Бас миний гол шүүмжлэгч гэж байгаа. Эфирээр гарахдаа би утсаа унтраалгүй дууг нь хаачихна. Завсарлагаагаар нүдний булангаар Сараагаас ирсэн мессежийг үзнэ. “Чи наад цамцаа янзлаач. Үсээ самна, ийм сул үг хэрэглээд байна” гээд л ар араасаа цуврана даа.
- МҮОНРТ-ийн ажилтан гэж дуудуулах хирийн хүнд олддоггүй аз завшаан. Түүнийг дааж явна гэдэг яггүй ажил?
Манай хамт олон гэдэг чинь эвсэг, хоорондоо эвтэй ер нь хүнийг татах шидтэй, хорогдоод баймаар газар шүү дээ. Одоо 50 жилийнхээ ойг өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна. Хэдий би маркетингийн албанд очсон ч уран бүтээлчдийнхээ жаргал зовлонг сайн мэддэг болохоор тэдэнтэйгээ ойр байхыг хичээдэг. МҮОНТ намайг хүмүүст таниулсан болохоор би хайртай байдаг. Бусад байгууллагуудтай гэрээ хийж байгууллагадаа хэрэгтэй олон ажлыг амжуулах гэж хичээж байна даа.
- Их ажлынхаа хажуугаар зав гаргасанд баярлалаа.
Ярилцлага хийсэн “Түүх, өв уламжлал”-ын албаны
сурвалжлагч А.Ариунбаатар


Өглөөний “Хар” Мөөгий | ||
Үзсэн: 2314 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.