
Дани улсад шувууны ханиадны H5N8 вирус дэгдэж, 25 мянган дэгдээхэйг устгалд оруулах гэж байна. Коронавирусний улмаас хэдэн сая булгаа устгаж эхэлсэн энэ улсын Өмнөд Ютланд мужийн Рандерс хотын нэгэн фермд халдвар илэрсэн байна. Шувууны ханиадтай холбогдуулан тус улс гурван сарын хугацаанд шувууны мах, өндгийг Европын холбооны нутаг дэвсгэрээс гадагш экспортлохыг хоригложээ.
Үүний зэрэгцээ Францын Дээд Корсика департаментын Бастия хотын ойролцоох нэгэн жижиг аж ахуйд шувууны ханиадны H5N8 вирус лабораторийн шинжилгээгээр илэрсэн учир 300 тахиаг устгах шийдвэр гаргасан байна. Францын шувууны аж ахуй энэ өвчин дэгдэхэд бэлэн байсан гэж Францын төр засгаас мэдэгджээ. Гэсэн ч аюулын дээд түвшин зарлаж, шувуудыг битүү өрөөнд хөл хорионд оруулж эхэлсэн байна. Тахиа нарны гэрэл үзэхгүй, өвс ногоо, шороогүй нөхцөлд амархан стресс ордог. Тиймээс шувуудыг тайвшруулахын тулд сонгодог хөгжим хүртэл сонсгож байгаа гэнэ.
Тэгвэл Шведийн Сконе мужийн цацагт хяруул үржүүлдэг нэгэн фермээс шувууны ханиадны H5N8 вирус илэрсэн байна. Хөдөө аж ахуйн газраас нь энэ фермийг тойруулан эрүүл ахуйн бүс тогтоож, амьд шувуу, бүтээгдэхүүн, өндөг гадагш гаргахыг хоригложээ.
Германы Рюген аралд бас цацагт хяруул халдварт өртөж, 16 мянган шувууг устгалд оруулахаар шийдвэрлэсэн юм. Европын орнуудаас Нидерланд, Английн баруун өмнөд хэсэгт мөн шувууны ханиад бүртгэгджээ.
Үүнээс гадна Өмнөд Солонгост зэрлэг нугас халдварт өртсөнийг эрдэмтэд олж тогтоосон байна. Нийт 4 шувуунаас ханиадны аюултай вирус илэрсэн, 6 тохиолдлыг шалгаж байна. Өдийд нүүдлийн шувууд хойд зүгээс өмнө зүг рүү нисдэг болохоор онцгой аюултай үе гэж мэдээлж байна.
Сарын өмнө Казахстанд хагас сая тооны шувуу ханиаданд өртөж, хөл хорионд оруулж, халдвар гарсан фермүүдийн шувуудыг устгалд оруулсан юм. Казахстаны засаг захиргаанаас фермийн эздэд нөхөн олговор олгохоо мэдэгдэж, хоёр сая орчим тооны шувуунд вакцин хийсэн байна.
Шувууны ханиад нь хүнд хэдий аюулгүй ч эдийн засагт асар их хор хохирол учруулдаг юм байна.
Дани улсад 25 мянган дэгдээхэйг устгалд оруулна | ||
Үзсэн: 768 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.