
Хятадын агаарын бөмбөлгөөс болоод АНУ, БНХАУ-ын харилцаанд ноцтой хор хохирол учирсан гэж бодохгүй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ.
Тэрбээр “Пи-Би-Эс” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр ингэж хэлснийг хэвлэлүүд дамжуулж байна.
Гэхдээ АНУ-ын засаг захиргаа Хятадын засаг захиргааг 5 тивд тагнуулын зориулалтаар агаарын бөмбөлөг хэрэглэж, олон улс орны тусгаар эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Энэ тухай Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдэгдэхдээ “БНХАУ тагнуулын ажиллагаа явуулах агаарын бөмбөлгийн флоттой болсон. Энэ нь бусад улсын тусгаар тогтнолыг зөрчиж байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Хятадын агаарын бөмбөлөг 5 тивийн улс орнуудад ажиглагдсан. Бид энэ асуудлаар холбоотнууд, түншүүдтэйгээ холбоотой ажиллаж байна” гэж мэдэгдсэн байна.
Түүнчлэн Ерөнхийлөгч Жо Байден Хятадтай сөргөлдөхийг бус, өрсөлдөхийг эрмэлзэнэ гэж тодорхойлсныг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга сануулсан байна.
Үүний зэрэгцээ Вашингтоны засаг захиргаа Хятадын агаарын бөмбөлгийн үлдэгдлийг буцаах Бээжингийн хүсэлтэд ямар хариу өгөх талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй. Мөн цаашид ийм бөмбөлөг АНУ-ын агаарын орон зайг дахиад зөрчвөл Америкийн засаг захиргаанаас сөнөөх үү гэсэн асуултад ч хариулахаас татгалзжээ.
“Ерөнхийлөгч Жо Байден үндэсний болон америкчуудын аюулгүй байдал нэгдүгээрт” гэж Конгресст тавьсан илтгэлдээ дурдсаныг Карин Жан-Пьер сануулжээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын засаг захиргаа агаарын орон зай дээгүүр нь Хятадын агаарын бөмбөлөг явааг илрүүлсэн юм. Агаарын бөмбөлөг онгоцны стандарт нислэгээс илүү өндөрт байсан учраас хүмүүст ямар нэгэн аюул учруулаагүй байна.
Харин Америкийн зэвсэгт хүчин хоёрдугаар сарын 4-нд энэ бөмбөлгийг устгажээ. Бөмбөлөг чухал мэдээлэл цуцлуулж байсан гэж Пентагон баталсан байна.
Энэ үйл явдлын улмаас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадад хийх айлчлалаа цуцалжээ.
Жо Байден: Хятадын агаарын бөмбөлгөөс болоод АНУ, БНХАУ-ын харилцаанд ноцтой хор хохирол учирсан гэж бодохгүй байна | ||
Үзсэн: 888 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.