
Хятадад коронавирусний халдварын нөхцөл байдал сайжирч байгаатай холбогдуулан Өмнөд Солонгосын Засгийн газар бямба гарагаас эхлэн Хятадаас ирэх жуулчдад богино хугацааны виз олголтоо сэргээлээ.
Сүүлийн өдрүүдэд Хятадаас ирж байгаа хүмүүсийн дотор коронавирусний шинжилгээний эерэг хариутай хүний тоо багасаж, нэг хувиас бага болсон гэж БНСУ-ын Онц байдалтай тэмцэх, аюулгүйн арга хэмжээ авах төв штабын өндөр албан тушаалтан Ким Сон Хо мэдэгдсэн байна. Хятадад халдварын давлагаа дээд цэгтээ хүрээд, өдгөө буурч байгааг тэрбээр онцолжээ.
Өмнөд Солонгосын засаг захиргаа өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Хятадаас ирсэн аялагчдаас ирэхээс нь өмнө болон дараа нь өгсөн коронавирусний шинжилгээний хариу шаардаж, мөн дипломат, албаны болон хүмүүнлэгийн зорилготойгоос бусад хүнд богино хугацааны виз олгохоо зогсоосон юм.
Япон улсын засаг захиргаа ч мөн ирэх сараас Хятадаас ирэх онгоцыг буулгах нисэх буудлын тоон хязгаарлалтаа цуцлах гэж байгааг “Киодо” агентлаг нь дамжуулсан. Одоогийн байдлаар Токио, Осака, түүнчлэн Айчи мужид байдаг 4 нисэх онгоцны буудал л Хятадын нислэгийг хүлээн авч байна.
БНХАУ өнгөрөгч 12 дугаар сард ковидын эсрэг хязгаарлалтаа сулруулснаас хойш энэ улсад коронавирусний халдвар эрчимтэй тархаж эхэлсэн байна. Нэгдүгээр сарын 8-наас эхлэн БНХАУ-ын Засгийн газар Хятадад нэвтрэх хөл хорионы хязгаарлалтаа эрс сулруулсан. Үүнтэй холбогдуулан зарим улс халдварын тархалтаас сэргийлж, Хятадаас ирэх хүмүүст хязгаарлалтын зарим арга хэмжээ авч эхэлсэн юм.
Хятадад өдгөө хүн ам нь сүргийн дархлаатай болсон учраас ойрын хугацаанд "Ковид-19"-ийн шинэ давлагаа гарах магадлал маш бага гэж Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ахлах шинжээч У Зунью мэдэгджээ.
БНСУ Хятадын жуулчдад богино хугацааны виз олголтоо сэргээлээ | ||
Үзсэн: 635 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.