
Туркийн зүүн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа байгалийн гамшигт өртсөн иргэдийн дунд орон сууцны түрээс, худалдааны эрэлт өсжээ.
Ийм үед гадаадын иргэдэд үл хөдлөх хөрөнгө худалдан авахад хориг тавихыг сөрөг хүчнийхэн уриалж байна.
Турк улсад гадаадын иргэд үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь нэмэгдсэн, мөн лирийн ханш унасан, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан өнгөрөгч нэгдүгээр сард орон сууцны үнэ 10 хувиар өсжээ.
60 метр квадрат талбайтай хоёр өрөө байр Анталья мужид 140 мянган евро, Истанбулд 200 мянган еврогийн дундаж ханштай байна. Тиймээс газар хөдлөлтөд өртсөн иргэдээ нэн тэргүүнд орон сууцжуулахын тулд гадаадын иргэдэд орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулахыг хориглох ёстой гэж сөрөг хүчний “Сайн нам” нь үзэж байна.
Тус намын тэргүүн Мерал Акшенер амралтын өдрүүдэд газар хөдлөлтөд өртсөн Хатай мужид ажиллаад, орон сууцны зах зээлийн асуудалд анхаарал хандуулахыг уриалжээ.
Сөрөг хүчнийхний мэдээлснээр Турк улсад өнгөрөгч 2022 онд 159 улсын иргэд үл хөдлөх 75 мянга гаруй объект худалдан авчээ. Энэ нь өмнөх жилийнхээс 13 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ.
Тэр дундаа Оросын иргэд 17 мянга гаруй объект худалдан авснаараа тэргүүлж байна. Оросын дараа Иран улсын иргэд есөн мянга гаруй, Иракийн иргэд зургаан мянга гаруй үл хөдлөх хөрөнгө авсан байна.
Туркийн үл хөдлөх хөрөнгийн худалдаанд энэ гурван улсаас гадна Герман, Украин, Казахстан, Афганистан, Кувейт, АНУ, Азербайжаны иргэд тэргүүлж байна.
Турк, Сирийн нутаг дэвсгэрт энэ сарын 6-нд есөн цаг гаруйн зайтай хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлт болсон. Байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо одоогоор 37 мянгыг даваад байна.
Туркийн “Сайн нам” гадаадын иргэдэд үл хөдлөх хөрөнгө худалдан авахад хориг тавихыг уриалжээ | ||
Үзсэн: 462 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.