Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Афганистан, Иран, Сомали, Палестинаас цагаачид зөөвөрлөж явсан дарвуулт завь живжээ

2023-02-27 11:17:23
Error loading player: No playable sources found

Афганистан, Иран, Сомали, Палестинаас цагаачид зөөвөрлөж явсан модон дарвуулт завь Италийн Калабрия мужийн зүүн хэсэгт хүчтэй шуурганы улмаас хадан хясаа мөргөж, живжээ.

Энэ ослын улмаас 59 хүн, тэр дундаа 12 хүүхэд амиа алдсаныг Италийн засаг захиргаа мэдээлсэн байна.

Ослоос 81 хүнийг аварснаас хорийг нь эмнэлэгт хүргэжээ. Завинд 140-150 хүн сууж явсан гэж амьд үлдсэн цагаачид мэдэгдсэн байна.

Харин “Репубблика” сонин 250-иад хүн завинд байсан гэж мэдээлжээ. Италийн яаралтай тусламжийн албаныхан шуургатай нөхцөлд эрлийн ажлаа үргэлжлүүлсээр байна.

Цагаачдыг тээвэрлэсэн завь Туркийн Измир боомтоос дөрөв хоногийн өмнө гарч, бямба гарагийн орой Италийн эргээс 74 км-ийн зайд дөхөж ирсэн байна.

Завийг эргүүлийн хөлөг онгоц тосож хөдөлсөн боловч хүчтэй шуурганы улмаас хилчид буцахаас өөр аргагүй болжээ.

Тэнгист болсон энэ эмгэнэлт явдал Европ, тэр дундаа Италид цагаачлалын маргаан дахин дэгдэхэд хүргэсэн байна. Саяхан тус улс цагаачдыг аврах буяны байгууллагуудын эсрэг хатуу хууль тогтоосон нь НҮБ болон хүний эрхийн байгууллагуудын шүүмжлэлд өртсөн билээ.

Италийн Ерөнхий сайд Жоржия Мелони олон хүн амь үрэгдсэнд харамсаж байгаагаа илэрхийлээд, хууль бус цагаачдыг тээвэрлэгчид, хүний наймаа эрхлэгчдийг буруутгажээ.

Италийн Засгийн газар дахин ийм эмгэнэлт явдал гарахаас сэргийлэхийг эрмэлзэх болно. Энэ бол хууль бус цагаачлалын сувгуудын эсрэг шийдэмгий үйлдэл хийх шаардлагатай гэдгийг харуулсан асар том гай барцад боллоо гэж мэдээлжээ.

Итали бол Европ руу тэнгисээр дамжин нэвтрэхийг оролддог хууль бус цагаачдын буух гол цэгүүдийн нэг. Мөргөлдөөн, ядуурлаас зугтаж, Европт сайн сайхан амьдрал эрсэн олон мянган хүн Африкаас Газар дундын тэнгисээр дамжин Италид ирдэг байна.

Газар дундын тэнгисийн төв маршрут нь дэлхийд хамгийн аюултай чиглэлд тооцогддог.

Олон улсын цагаачлалын байгууллагын мэдээллээс үзэхэд, 2014 оноос хойш энэ чиглэлд 20 333 хүн амиа алдсан буюу сураггүй алга болжээ. Зөвхөн 2022 онд л гэхэд энд 2367 хүн амь үрэгдсэн байна.


Афганистан, Иран, Сомали, Палестинаас цагаачид зөөвөрлөж явсан дарвуулт завь живжээ  
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй