Шууд Chart

БНХАУ-д хүн амьдардаггүй 65 сая орон сууц бий

2019-02-20 09:54:58

БНХАУ-ын залуучуудын хамгийн том бэрхшээл бол орон сууц худалдаж авах гэхэд хилсдэхгүй. Учир нь залуус эхлээд амьдрах орон сууцаа бэлдсэний дараа л гэрлэх талаар бодох ёстой гэсэн бичигдээгүй хууль тус улсад үйлчилдэг. Жинань зэрэг томоохон хотод 100 метр квадрат байр худалдаж авахад дунджаар хоёр сая юань буюу 300 мянга орчим ам.доллар.

Харин орон нутгийн байгаль орчны ашгийн бус байгууллагад ажилладаг сарын 6,000 орчим юанийн цалинтай Ян Чжун шиг залуусын хувьд ийм үнээр байр худалдаж авна гэдэг амаргүй. 2012 онд Хятад Улсад үл хөдлөх хөрөнгийн худалдаа огцом өсөлтөд орсон бөгөөд 2013 онд хүртэл энэхүү байдал үргэлжилсээр л байлаа. Харин 2014 онд зах зээл бага багаар унаж “The Economist” сэтгүүлд дурдсанчлан Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн “алтан үеийн төгсгөл” ирсэн юм. Хэдийгээр үл хөдлөх хөрөнгийн худалдаа буурч, үнийг дагаад орон сууцны үнэ доошилсон ч томоохон хотуудад орон сууцны үнэ жил ирэх тусам өссөөр байна.

Энэ оны эхний байдлаар 24 хотод орон сууцны үнэ 44 хувиар буурсан бол Шэньжэне, Шанхай, Гуанжоу, Бээжин гэсэн хамгийн том дөрвөн хотод 12 хувиар өсжээ. Санхүү, эдийн засгийн баруун бүсийн “Southwestern” их сургуулийн профессор Ган Лигийн тооцоолсноор, одоогийн байдлаар БНХАУ-д 65 сая хоосон орон сууц байгаа аж. Moody’s агентлагийн тооцоолж буйгаар, энэ онд БНХАУ-ын орон сууцны борлуулалт өнгөрсөн оныхоос тав орчим хувиар буурах магадлалтай гэнэ. Өнгөрсөн аравдугаар сард Шанхай хотноо орон сууцны үнийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болсон.

Цаашид томоохон хотуудад орон сууцны үнэ өссөөр байвал ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах болно гэдгийг ажиглагчид онцолсоор байна. Хятадад орон сууц нь нийгмийн давхаргыг тодорхойлох хамгийн том бэлэг тэмдэг бөгөөд энэ нь тус улсын хамгийн гол сэдэв болсоор удаж байна. Өмчилж буй орон сууцных нь үнэ, хэмжээ, байрлал зэрэг нь тухайн хүний нийгэм дэх байр суурийг тодорхойлох гол зүйл бөгөөд хятадууд орон сууцны үнийн хэлбэлзлийн тухай ам уралдан ярьцгаадаг. Хятадуудын олонх нь өөрсдийн амьдарч буй хотын янз бүрийн бүсэд байрлах орон сууцны үнийг мэдэж байдаг нь энгийн нэгэн үзэгдэл.

БНХАУ-ын Нийгмийн академи залуу гэр бүлүүдийн 85 хувь нь орон сууц худалдаж авах боломжгүй гэсэн тооцоог саяхан гаргажээ. Гэтэл Хятад даяар “сүнстэй” хотууд сүндэрлэж эзэнгүй хэвээр байсаар байна. Хятадын Цахилгаан хангамжийн албаны мэдээнд 660 хотын 65 сая байранд цахилгаан огт хэрэглэхгүй байгаа талаар онцолж байсан удаатай. Иймэрхүү орон сууцыг эзэмшигчдийн олонх нь дамчид байдаг аж.Эдгээр сул байруудад хамгийн багадаа 200 сая хүн амьдрах боломжтой гэнэ.

БНХАУ-ын эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн халалтын эсрэг арга хэмжээг 2009 оноос эхлэн авч эхлээд байгаа юм. Өнгөрсөн 2016 оны нэгдүгээр сарын сүүлчээс БНХАУ-ын Төрийн зөвлөл үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн зохицуулалт хийх хатуу цуврал арга хэмжээг дэмжсэн. Үүнд орон сууцтай ч шинээр байр худалдан авахад анхлан оруулах хөрөнгийн хэмжээг 60 хувьд хүртэл нэмэх тухай зааж өгчээ. Анх удаа байр авч буй хүмүүст энэ хэмжээ нь орон сууцны үнийн 30 хувь байх юм.

Нийтэлсэн: Yндэсний телевиз

БНХАУ-д хүн амьдардаггүй 65 сая орон сууц бий   
Үзсэн: 2391 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-21 10:20
лалын дүрвэгсэдийг...................

Бидэнтэй нэгдээрэй