Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын үндэсний бөхийн түүхэнд тохиосон 10 амжилтыг уншигч танаа хүргэе.
- Дархан аварга Б.Бат-Эрдэнийн баараггүй нэгэн рекорд
Их аварга ХХ зууны сүүл үед улсын баяр наадамд 11 түрүүлж, МНТ-ны 750 жилийн ойн их даншиг наадамд түрүүлж цол олгох том барилдааны 12 том түрүүг хүртэж цагийг эзэлсэн их аварга гэдгээ нотлосон юм. Билгийн улирлын хаврын тэргүүн сарын битүүнд тэр 13 удаа магнайлж мөн л нэгэн сод амжилтыг гаргасан билээ.
- Төрийн их наадмаас 250 даваа
Алдарт дархан аварга Хорлоогийн Баянмөнх төрийн их баяр наадамдаа 38 жил барилдаж энэхүү их амжилтыг гаргасан юм. Зөвхөн улсын наадмаас цуглуулсан даваа нь л 250 юм. Түүний ард Б.Бат-Эрдэнэ аварга 193 даваатай бичигддэг гэхээр ямархуу хол амжилт үзүүлсэн гэдэг нь ойлгогдож байгаа болов уу.
- Найман жил босоо явж 80 даваа цуглуулав
Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ олон дээд амжилтыг тогтоосон. Заалны барилдаанд хамгийн олон түрүүлсэн бөхөд мөн л дээгүүр бичигдэнэ. Дээрх 80 даваа бол зөвхөн улсын наадамд, дээр нь тасралтгүй авсан гайхамшиг юм. 1992-1999 онд дараалан түрүүлж, 1994 онд арав даван түрүүлж нийт 73 давааг зөвхөн түрүүгээр цуглуулсан билээ. Үүн дээр нэмэгдээд 2000 оны их наадамд долоо давж, улсын гарди Б.Гантогтоход элэг бүсээ тайлах хүртэл 80 давааг нийтдээ авч гайхамшигтай амжилт гаргасан юм. Карьерийнхаа турш улсын наадамд 7.72 даваа дундажласан нь мөн л дээд амжилт.
- Хүүхэд байхдаа төрд түрүүлэв
Та хорин нэгэн настай юу хийж явсан бэ. Их сургуулийн оюутан байсан уу. Дадлага, курсийн ажилдаа дарагдаж явсан уу. Харин 21-хэн насандаа төрийн их баяр наадамд түрүүлсэн онцгой түүхийг мэдэх үү. ХХ зууны цуут бөх алдарт дархан аварга Жигжидийн Мөнхбат 1963 оны улсын баяр наадамд 21 насандаа түрүүлж гайхамшигт нэгэн амжилтыг тогтоов. Үүнээс цаашаа тэрээр завсаргүй таван жил түрүүлж Монгол бөхийн дээд цолонд хүрсэн байдаг.
- 17 настай арслан
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат улсын өсөх идэр шонхор Батжаргалын Лхагвадорж гэдэг хүү өсвөр үеийн насандаа өвдөг шороодож үзээгүй цуутай амжилтыг гаргаж байсан юм. Тэр ер нь Монгол бөхийн түүхэнд нэгээр тогтохгүй рекорд тогтоосон залуу. Улсын баяр наадамд гурван жил дараалж хүүхдийн барилдаанд түрүүлээд, дараа жил нь Өвөрхангай аймагтаа шууд найм даван түрүүлж аймгийн арслан цолонд хамгийн залуудаа хүрсэн юм. Түүний 17 насандаа аймгийн арслан болсон амжилтыг хэн нэгэн эвдэнэ гэхэд хэцүү л санагддаг юм. Тэр бас 14-тэйдээ Дундговь аймгийн Дэрэн сумын баяр наадамд түрүүлж байсан эгэлгүй түүхтэй.
- Улсад барилдаж үзээгүй 20 насандаа хүртсэн заан цол
Жигжидийн Мөнхбат аварга төрийн наадамд барилдаж үзээгүй байхдаа улсын заан цолыг хүртсэн нь бараг цаашид давтагдахгүй биз. 1961 оны Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадын тойргийн барилдаанд урамтай сайхан барилдаж шууд улсын заан цолыг хүртсэн түүхтэй. Хэдхэн хоногийн ард их ойдоо ирээдүйн дархан маань аварга заан цолтой зодоглож байсан нь Монгол наадмын түүхэнд давтагдаагүй үзэгдэл юм. Мөн түүний 20 насандаа (Хоногоор тооцвол 19 насандаа) хүртсэн заан цол мөн л нэгэн рекорд бололтой.
- Улсын аварга Ч.Санжаадамбын нэгэн дээд амжилт
2011 оны намар Монгол бөхийн дэлхийн дээд амжилтад бүртгэх гиннесийн барилдаанд 6016 бөх барилдаж хөлтэй үйл явдал болж байлаа. Энэ том барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба 13 даван түрүүлж, бөхчилсөн барилдаанд ийм даваа авсан анхны бөх болсон юм. Аваргын энэ амжилтыг цаашид эвдэнэ гэхэд бэрх юм.
- 38 хоногийн зайтай даян, дархан аварга
1990 оны оны зун Хан Хэнтий нутгийн хүү Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ ийм нэгэн сод амжилтыг тогтоосон юм. Төрийн их баяр наадамд гурав дахиа түрүүлж, улсын даян аварга цол хүртээд ердөө 38 хоногийн дараа Хэрлэний Хөдөө аралд болсон Монголын нууц товчооны 750 жилийн ойн их даншиг наадамд дахин түрүүлж, дархан аварга цолыг өөрийн нутагаа хүртсэн юм.
- Домогт аварга долоон цаг барилдав
Эвдэхэд бэрх амжилт шүү. Өнөө үед үндэсний бөхийн дүрмээс шалтгаалж ингэж удаан барилдах боломжгүй болсон. 1940 оны улсын баяр наадмын тавын даваанд залуу арслан Б.Түвдэндорж (урд жил нь улсын баяр наадамд шууд түрүүлсэн) Дэлгэрхааны П.Норовыг амлан авч барилджээ. Хоёр их бярт бөх эхний өдөр хаялцаагүй тул маргааш нь үргэлжлүүлэн барилдан ирээдүйн их аварга давсан байна. Тэдний барилдааныг түүхэнд нийт долоон цаг барилдсан хэмээн тэмдэглэжээ.
Үндэсний бөхийн түүхэнд эвдэхэд бэрх есөн амжилт | ||
Үзсэн: 5931 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.