Шууд Chart

Германы “гэрлэн дохио” эвсэл цалингийн доод хэмжээг нэмэгдүүлнэ

2021-11-27 11:29:42

Ангела Меркелийн эрин үеийг дуусгаж, “гэрлэн дохио” шинэ эвсэл байгуулснаа зарласан Германы социал Демократ намын дарга Олаф Шольц ирэх сард канцлерын тангарагаа өргөнө. Тэгвэл Олаф Шольцийн хувьд шинэ эвсэл байгуулсныхаа дараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж, бага орлоготой иргэдийнхээ амьжиргааг инфляцийн дарамтаас хамгаална гэж мэдэгдлээ.

Германы Социал Демократ нам, Ногоон нам, Чөлөөт ардчилсан нам гэх гурван нам нийлж, шинэ эвсэл байгуулах хэлцлийг бүтэн хоёр сарын турш хийсэн бөгөөд эцэст нь тохиролцоонд хүрснээ лхагва гарагт зарласан. Тэгвэл тус эвслийг удирдах Олаф Шольц хэлэхдээ, 3 намын бэлгэдэл өнгө болох улаан, шар, ногоон өнгө нийлээд "гэрлэн дохио Засгийн газар" байгуулагдлаа гэсэн юм.

Шинэ байгуулагдсан эвсэл дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцууллаа. Хамгийн түрүүнд тус эвсэл Герман улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагийн 9.60 евро байсныг цагийн хөлсний доод хэмжээг 12 евро болгохоор төлөвлөж байна. Энэ нь америк долларт шилжүүлбэл цагийн доод хөлс 10.7 доллар байсныг 13.4 доллар болголоо гэсэн үг.

Өмнө нь бол Германы Засгийн газар 2022 оны долоодугаар сар гэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10.4 евро хүртэл өсгөхөөр тогтсон байсан. Гэхдээ Олаф Шольцийн шинэ эвсэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ төлөвлөгөөнөөс давуулан тогтоож байгаа нь сүүлийн 30 жилд байгаагүй инфляцийн өсөлтөөс бага орлоготой иргэдээ хамгаалж байгаа хэлбэр юм.

Олаф Шольцийн энэ алхам Германд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хоёр сая орчим хүний орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэж ING банкны эдийн засагч Карстен Бжески үзэж байна. Тэгвэл Германы төв банкнаас энэхүү арга хэмжээг шүүмжилж, инфляци өсгөх “ер бусын алхам” боллоо гэж үзэж байна. Цалингийн доод хэмжээ нэмэгдсэнээр дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа аж.

Герман улсад аравдугаар сард инфляци 4.5 хувь болж нэмэгдсэн нь Европ эрчим хүчний хямралд орсноос үүдэлтэй. Эрчим хүчний үнэ нэмэгдсэнээр дагаад хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гэсэн үг. Энэ мөн Герман улсад сүүлийн 30 жилд байгаагүй үзүүлэлт болсон байна.

Тус улс хамгийн сүүлд 2015 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8.50 евро буюу 9.54 ам.доллараар шинэчлэн тогтоосон байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх тал дээр дан ганц Герман ч биш Европын холбоо ч мөн арга хэмжээ авахаар шинэ хуулийн төсөл санаачлаад байгаа юм. Ингэснээр Европын холбоо ч мөн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа үнийн өсөлттэй тэмцэх гол арга гэж үзэж байна. Харин Германы хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Европын холбооны орнууд дундаа хамгийн өндөрт тооцогддог. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германы “гэрлэн дохио” эвсэл цалингийн доод хэмжээг нэмэгдүүлнэ  
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй