Шууд Chart

“Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр" тэмцээн шилдгүүдээ тодрууллаа

2022-01-25 10:58:15

Үндэсний соёл, урлагийг нийтэд сурталчлан таниулах, монгол түмний ахуй амьдрал, өв соёл, ардын уламжлалт ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгын доор ЦДБЭЧ-аас санаачлан, ЗХЖШ-тай хамтран зохион байгуулж ирсэн

Цар хүрээгээ улам баяжуулан тэлсээр байгаа тус тэмцээнд энэ жил Зэвсэгт хүчний 34 анги оролцохоор урьдчилан бүртгүүлснээс цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улаанбаатар цэргийн хүрээний болон Баян-Өлгий, Хэнтий, Дорноговь, Орхон, Завхан аймгаас нийт 14 анги оролцож шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээнд оролцогчид мэндчилгээ, шагай шүүрэх наадаан, заавал дуулах дууны тэмцээн, “Монгол бахархал” асуулт хариултын тэмцээн, “Ардын дууны хүүхнүүд” сэдэвт Монгол ардын дуунуудаар өрсөлдсөн юм.

Зэвсэгт хүчний “Урлагийн марш тактик” хэмээн нэрлэгддэг энэхүү тэмцээний тэргүүн байрыг 144 оноогоор Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн “Цагаан сүлд” баг, дэд байрыг 142 оноогоор Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн “Тоонот” баг, гутгаар байрыг 140 оноогоор Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн “Этүгэн” баг, дөрөвдүгээр байрыг 125 оноогоор Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн “Тэнгэрийн харуул” баг, тавдугаар байрыг 122 оноогоор Зэвсэгт хүчний 110 дугаар “Сүлд” баг тус тус эзэллээ.

“Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээний “Шилдэг дуучин”-аар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн “Цагаан сүлд” багийн гишүүн ахлах ахлагч Я.Бямбасүрэн, “Шилдэг шагай наадагч”-аар Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн “Сүлд” багийн гишүүн байлдагч Д.Пүрэвтогоо, “Шилдэг удирдлага”-аар Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн “Хутагтын говь” багийн ахлагч тэргүүн ахлагч Б.Батхишиг нар шалгарлаа.

Энэхүү тэмцээнийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Суртал хүмүүжил, мэдээлэл, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн мэргэжилтэн МУСТА дэд хурандаа О.Ганбаяр, ЦДБЭЧ-ын даргын орлогч-Уран сайхны удирдагч МУСТА хошууч Л.Баттөр, Хөгжмийн зохиолч, удирдаач, МУУГЗ Г.Батнасан, Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин МУГЖ Ц.Үенч, МЗЭ-ийн хяналтын зөвлөлийн гишүүн, утга зохиол судлаач, редактор Ж.Гүнтэвсүрэн нар шүүн явуулсан бөгөөд тэмцээнийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтарч ажилласан ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтэс, “Соёмбо” редакц, ҮБХИС болон тус тэмцээнд багаа бэлтгэж, өрсөлдсөн Зэвсэгт хүчний анги, байгууллагын удирдлага хамт олонд талархал илэрхийлье!

Уламжлал болгон зохион байгуулж ирсэн энэхүү тэмцээн нь цар тахлын үеийн хорио цээрийн дэглэм, аюулгүй байдлыг чанд сахин зохион байгуулагдсан гэж Цэргийн дуу, бүжгийн Эрдмийн чуулга мэдээллээ.


“Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр" тэмцээн шилдгүүдээ тодрууллаа  
Үзсэн: 1100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй