Шууд Chart

Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна

2026-01-29 14:44:20

Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүйгээр иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд авто замын нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж байна. Үүнд:
1. Таван шарын гарам,
2. Геологийн төв лабораторийн уулзвар,
3. "Хермес" төвийн төмөр замын зоорь,
4. Нарны зам - Их хүрээний гудамжны уулзвар гэсэн 4-н байршилд бүтээн байгуулалт хийгдэх бөгөөд 1,2,3-р байршилд барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

Төслийн нэгдүгээр байршил болох Таван шарын нүхэн гарц буюу төмөр замын 396 дугаар гармын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьд хүрч, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, борооны ус зайлуулах системийн ажил болон бусад тохижилтын ажлыг хийж дууссан. Үүний зэрэгцээ явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах 90 метрийн урттай явган хүний гүүрэн гарцын барилга угсралтын ажлын зураг төслийг магадлалаар батлуулж, барилгын ажлыг 2025 оны 12 дугаар сараас эхлүүлээд байна.

Төслийн хоёрдугаар байршил болох Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын газар чөлөөлөх ажил үргэлжилж, нийт 21 нэгж талбараас 19-ийг нь бүрэн чөлөөлөөд байна. Үлдсэн 2 нэгж талбар зөвшилцөх шатандаа хэрэгжиж байгаа бөгөөд ажлын зураг төслийг магадлалаар батлуулж 2024 оны 09 дүгээр сараас барилга угсралтын ажлыг эхлүүлж, хүйтний улирлын нөхцөл байдалтай холбоотойгоор түр зогсолт хийгээд байна. 

Гуравдугаар байршил болох “Хермес" төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарцын төслийн зураг төслийг магадлалаар батлуулж, газар чөлөөлөлт бүрэн дууссан. Нүхэн гарцын их биеийн бүтээцийг төмөр замын суурь бүтээцийн доор түлхэх технологиор байршуулсан. Түлхэх технологийг ашигласнаар галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахгүйгээр бүтээн байгуулалтыг шуурхай гүйцэтгэх давуу талтай. 2026 оны II-р улирлаас авто замын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Дөрөвдүгээр байршил болох Нарны зам - Их хүрээний гудамжны уулзварын нүхэн гарцын зураг төслийг боловсруулж байна.


Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй