Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 166 дугаар зарлигаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар бригадын генерал Д.Ганзоригийг томилсон бөгөөд мөн Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлигаар түүнд хошууч генерал цол хүртээлээ.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГИЙН ТОВЧ НАМТАР
Хошууч генерал Довчинсүрэнгийн Ганзориг нь 1971 онд Дархан-Уул аймагт төрсөн.
1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Хими хамгаалалтын цэргийн дээд сургууль, 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль, 2001-2002 онд АНУ-д явган цэргийн офицерын үндсэн дамжаа болон Рейнжерийн сургууль, 2007-2008 онд АНУ-ын Тэнгисийн явган цэргийн команд штабын коллеж, 2011-2012 онд АНУ-ын Армийн Дайны коллежид тус тус суралцаж төгссөн.
1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн орлогч дарга, 2003-2006 онд ЗХЖШ-ын Энхийг дэмжих ажиллагааны газрын мэргэжилтэн, 2006-2010 онд Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2012 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд референт, 2012-2014 онд ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч даргаар тус тус ажилласан.
Энэ хугацаанд 2002-2003 онд Баруун Сахар дахь НҮБ-ын “MINURSO” ажиллагаанд цэргийн ажиглагч, 2004-2005 онд олон улсын эвслийн цэргийн “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд ажиллагааны офицер, 2006-2007 онд Сьерра Леон улсад явагдсан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн.
Тэрбээр 2014 оноос ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад одоогийн албан тушаалд томилогдсон юм.
Эх сурвалж: Соёмбо сонин
| Зэвсэгт хүчний жанжин штабын дарга томилогдлоо | ||
| Үзсэн: 1852 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.