“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар”, “Туул голын сав газрын захиргаа”-ны төлөөлөл оролцсон уулзалтыг 2026 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтын хүрээнд Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Тусгай замын автобус /BRT/, Төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих төсөл, Шинэ тойрог зам, Хөрсний ус, үерийн хамгаалалт, Туул усан цогцолбор зэрэг төслийн талаар инженерүүд дэлгэрэнгүй танилцуулж, бүтээн байгуулалт болон ашиглалтын үе шатанд шаардагдах усны хэрэглээ, ашиглалтыг нарийвчлан тооцох, эх үүсвэрийг түүнтэй уялдуулан тогтоох, усны алдагдлыг багасгах, борооны ус цуглуулахаас эхлээд бохир ус цэвэрлэх хүртэл үнэ цэнтэй, үр дүнтэй усны нөөцийг дахин ашиглах боломжийн талаар хэлэлцэн, санал солилцлоо.
Туул гол болон түүний сав газрын усны нөөц нь Улаанбаатар хотын хүн амын унд, ахуйн гол эх үүсвэр болохыг дурьдаж, аливаа дэд бүтэц, хот байгуулалт, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхдээ усны нөөцийн тэнцвэрт байдал, экосистемийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд харгалзан үзэх, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг тооцсон дунд болон урт хугацааны төлөвлөлтийг төслүүдэд тусгах шаардлагатайг Усны газрын зүгээс зөвлөж, хамтран ажиллах талаар ярилцсан.
“Улаанбаатар хотын ундны усны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд үерийн хамгаалалттай уялдуулан Туул усан цогцолбор төслийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх нь усны асуудлыг цогцоор нь шийдэх юм гэдгийг Усны газрын дарга З.Батбаяр онцлон дурдлаа.
| Төслийг хэрэгжүүлэхдээ усны нөөцийн тэнцвэрт байдлыг тооцож төлөвлөх талаар хэлэлцлээ | ||
| Үзсэн: 350 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.