Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, транзит болон ачаа тээврийн урсгалыг хотоос гадагш чиглүүлэх бодлогын хүрээнд Хүннү хотыг дагуул жишиг төв болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн.
Энэ хүрээнд Хөшигийн хөндий, Оргоч уул дахь терминалаас ачаа барааг төвлөрсөн байдлаар түгээх дэд бүтцийг бүрдүүлэх зорилгоор Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд 3 дугаар зэрэглэлийн төмөр зам барьж байгуулна. Тус төмөр зам нь нийт 102.8 км урт, 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөг бүхий 2.5 км урт гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөгдсөн. Энэхүү салбар төмөр зам нь ачаа тээврийн урсгалыг хотын төвөөр нэвтрүүлэхгүйгээр дагуул хотууд болон логистикийн бүсүүдээр дамжуулан зохион байгуулах үндсэн дэд бүтцийн суурь болох юм.
Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын барилга угсралтын ажлыг хоёр үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөжээ. Нэгдүгээр үе шатанд УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл 87.85 км, хоёрдугаар үе шатанд 14.95 км төмөр замын бүтээн байгуулалтыг тус тус хэрэгжүүлнэ. Одоогийн байдлаар төслийн нэгдүгээр үе шат буюу Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 орчим хувьтай байгаа бөгөөд цаг уурын нөхцөл байдалтай уялдуулан 2026 оны гуравдугаар сарын 15-наас талбайн ажлыг дахин эхлүүлэхээр төлөвлөж, инженер техникийн ажилтнууд барилга угсралтын ажлын талбайн бэлтгэлийг хангаж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төмөр зам, авто зам огтлолцдог 14 гарам байгаагаас нэг галт тэрэг нэвтрэх бүрд дунджаар 4 минутын турш авто замын хөдөлгөөн хаагддаг. Үүнийг хоногт шилжүүлэн тооцвол нийт 144 минут буюу хоёр цаг гаруй хугацаанд авто замын урсгал саатдаг гэсэн судалгаа, тооцоолол бий. Түүнчлэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Улаанбаатар, Толгойт, Амгалан өртөөдөд жилд дунджаар 190 мянган вагон, 50 мянган чингэлэг дотоодын болон импортын ачаа бууж, нийслэлийн төвийн 10 терминалаас 300 гаруй салаа замаар дамжин түгээгддэг байна. Эдгээр ачааны урсгал хотын төвөөр дамжин өнгөрч буй нь дэд бүтцийн ачааллыг нэмэгдүүлж, авто замын хөдөлгөөний саатал, түгжрэлийг улам хүндрүүлж буй гол хүчин зүйлсийн нэг болж байна. Харин Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам ашиглалтад орсноор ачаа тээврийн урсгалыг төвөөс гаргаж, дагуул хотуудын хөгжлийг дэмжихийн зэрэгцээ бүс нутгийн эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, улмаар нийслэлийн замын хөдөлгөөний дундаж хурдыг 4 хувиар нэмэгдүүлэх урьдчилсан тооцоо гарсан байна.
Ташрамд дурдахад, Хүннү хот чиглэлд тавигдаж буй төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй инженер, мэргэжилтэн оролцож байна.
| Багахангай-Хөшигийн өртөө хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 орчим хувьтай байна | ||
| Үзсэн: 365 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.