Шууд Chart

“Чингис хаан” нисэх буудлыг түшиглэсэн олон улсын транзит зочид буудал байгуулахаар төлөвлөжээ

2026-01-16 16:51:26

“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэн “Хүннү” дагуул хотыг Нийслэл хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км-ийн зайд, нисэх буудлын орчмын 315 га талбайд байгуулахаар төлөвлөсөн.

Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд зорчигчдод зориулсан олон улсын стандартад нийцсэн транзит зочид буудал барихаар төлөвлөсөн бөгөөд уг төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Хүннү” хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батбаяр нар төслийн талбайд ажиллалаа.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал нь 2025 онд нийт 45 мянган транзит зорчигч хүлээн авчээ. Үүнтэй холбогдуулан нисэх буудалд суурилсан “Аеротрополис” буюу дагуул хотыг хөгжүүлэх стратегийн зорилт, олон улсын транзит зочид буудал барих бодит эрэлт хэрэгцээнд тулгуурлан тус төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай онцоллоо. Тэрбээр транзит зочид буудал ашиглалтад орсноор Монгол Улс Азийн бүс нутгийг холбосон агаарын тээврийн HUB болох боломж бүрдэхийг тодотгов.

Тус транзит зочид буудлыг нийт 3.3 га талбайд барихаар төлөвлөж, худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалт бүхий иж бүрэн төлөвлөлттэй, 25 мянган мкв талбай бүхий таван давхар барилга байхаар зураг төслийг боловсруулжээ. Мөн зочид буудлыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалтай 350 метр урт бүхий хоолойгоор холбож, зорчигчдыг шууд хүлээн авах зохион байгуулалт хийхээр төлөвлөсөн байна. 

“Хүннү” дагуул хотын хүрээнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, олон улсын эвент, арга хэмжээ, үзэсгэлэн, дата төв, мэдээлэл технологийн кластер зэрэг бүсчлэлийг хөгжүүлнэ. Ингэснээр нисэх буудлыг даган бий болдог төрөл бүрийн үйлчилгээ, бизнесийн экосистемийг бүрдүүлэх ач холбогдолтойг “Хүннү” хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батбаяр онцоллоо. Тэрбээр мөн нисэх буудлын бүсэд мөрдөгдөх тусгай шаардлагуудын талаар мэдээлэл өгч, “Чингис хаан” олон улсын нисэх буудал нь 4Е ангиллын нисэх буудал тул барилгын өндрийн тодорхой хязгаарлалт үйлчилдгийг дурдсан. Иймд тухайн бүсэд 4–5 давхар бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжуудыг төлөвлөн барина гэв.

Түүнчлэн энэ онд төлөвлөсөн ажлын хүрээнд транзит зочид буудлаас гадна эхний ээлжинд 600–1000 айлын орон сууц, тэдгээрийн инженерийн болон нийгмийн дэд бүтцийг барьж байгуулахаар төлөвлөсөн байна. 

Өнөөдрийн байдлаар “Чингис хаан” олон улсын нисэх буудалд давхардсан тоогоор 2000 гаруй хүн ажиллаж байгаа тул ажиллагсдад зориулсан орон сууц, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлага тулгарч буйг онцоллоо.


“Чингис хаан” нисэх буудлыг түшиглэсэн олон улсын транзит зочид буудал байгуулахаар төлөвлөжээ  
Үзсэн: 116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй