Шууд Chart

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн инженерийн суурь дэд бүтцийг иж бүрэн шийдвэрлэж байна

2026-01-22 13:05:56

Нийслэл хотын экосистемийг хамгаалах, үйлдвэрлэлийн бүсийг оновчтой төлөвлөх зорилго бүхий “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар хөвийн хоолойд орших 539 га талбайд хэрэгжих уг төсөл нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, бохирдсон бүсийг нөхөн сэргээх замаар үйлдвэрлэлийг орчин үеийн, байгальд ээлтэй технологид шилжүүлэх ач холбогдолтой.

Дэлхийн банкнаас 2023 онд хийсэн түүхий эдийн нөөц болон ажиллах хүчний хүртээмжид тулгуурласан суурь судалгаагаар Эмээлт орчим нь байршлын хувьд хамгийн ашигтай бүс болох нь тогтоогдсон бөгөөд уг ТЭЗҮ-ийг үндэслэн УИХ болон Засгийн газраас чиглэл өгснөөр төслийн үйл ажиллагаа эрчимжсэн. 

Өнгөрсөн хугацаанд тус парк нь зөвхөн цахилгааны эх үүсвэртэй, дэд бүтэцгүй хоосон тал газар байсан бол одоогийн байдлаар зам, дулаан, цахилгаан зэрэг инженерийн суурь дэд бүтцийг иж бүрэн шийдвэрлэж, хувийн хэвшил бизнесээ эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлж байна.

 Ингэснээр сүүлийн 16 жилийн турш яригдсан Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах асуудал бодит ажил хэрэг болох шатандаа орлоо гэдгийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн Гүйцэтгэх захирал Б.Мягмар онцолсон юм.
Одоогийн байдлаар паркийн эзэмшил газарт 12 аж ахуйн нэгж, үйлдвэр төслийн талбайд нүүн шилжихээр “Паркийн нэгжийн гэрээ” болон паркт “Газар ашиглуулах гэрээ”-г байгуулжээ. Үүний 70 орчим хувийг арьс ширний үйлдвэрүүд эзэлж байгаа бөгөөд үлдсэн хэсэгт мал төхөөрөх, сүү боловсруулах болон хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд барих аж. 

Паркийн нийт талбайн 20 орчим хувьд үйлдвэрүүдийг байршуулан үйл ажиллагааг эрхлүүлэх гэрээг хийгээд байгаа бөгөөд цаашид ноос, ноолуур, мах боловсруулах чиглэлийн үйлдвэрүүдийг сонгон шалгаруулж парк байршуулан үйл ажиллагааг эрхлүүлэх нь нээлттэй үргэлжлэх юм. 

Төслийн зүгээс инженерийн дэд бүтцийн ажлыг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрийн барилга угсралтын ажилтай зэрэгцүүлэн дуусгаж, богино хугацаанд ашиглалтад оруулахаар зорилт тавин ажиллаж байна.


“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн инженерийн суурь дэд бүтцийг иж бүрэн шийдвэрлэж байна  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй