Хотжилт, хүн амын төвлөрлийг дагаж бохир усны хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байна. Усыг цэвэршүүлэхэд ахуйн болон үйлдвэрлэлийн асар их хэмжээний лаг гардаг.
Энэхүү лагийг шатаан устгах Лаг шатаах үйлдвэр төслийг 2025-2027 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна.
Манай улсад лагийг бүрэн усгүйжүүлж, хатаан шатаах зориулалтын бие даасан үйлдвэр байхгүй. Иймээс лагийн хадгалалт, боловсруулалтын шатанд байгаль орчин, эрүүл ахуйн бохирдол ихэсдэг. Өөрөөр хэлбэл, ахуйн лаг нь чийгшил, хорт нян, бактерийн агууламж ихтэй тул зохих технологиор боловсруулахгүйгээр булшлах нь хөрс, ус, агаарыг бохирдуулах аюултай юм. Лаг шатаах үйлдвэр барьснаар эдгээр асуудлыг цогцоор нь шийдэж, хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлж, хатаан шатааж 5-6 шоо метр үнс болгох зориулалттай. Тус үйлдвэрийг Төв цэвэрлэх байгууламжийн урд 40 мянган ам.метр талбайд байгуулахаар төлөвлөсөн.
Лаг шатаах үйлдвэр төсөл хэрэгжсэнээр байгаль орчны бохирдлоос үүсэх зардал буурч, хотын дэд бүтцийн тогтвортой ажиллагаа сайжирч, ажлын байрууд бий болно. Дотоодын нийт бүтээгдэхүүнд ойролцоогоор 4.4 их наяд төгрөгийн эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолсон байна. Уг төсөл нь Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэгээний системийг олон улсын стандартад нийцүүлэх, хотын тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийг дэмжих стратегийн ач холбогдолтой.
| Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна | ||
| Үзсэн: 149 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.