Шууд Chart

Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

2026-01-27 12:14:55

Дэлхийн хэмжээнд аутизмтай хүүхдүүдийг ердийн боловсролын тогтолцоонд тэгш хамруулах чиг хандлага эрчимтэй хөгжиж байна.

НҮБ, UNESCO, WHO зэрэг олон улсын байгууллага аутизмыг өвчин бус, мэдрэлийн хөгжлийн ялгаатай байдал гэж тодорхойлж, хүүхдийн чадвар, хэрэгцээнд тулгуурласан тэгш хамруулах боловсролын загварыг дэмжиж байна. 

Манай улсад ч мөн энэ хүрээний эмгэгтэй хүүхдэд ээлтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, хүртээмжтэй боловсролын болон нийгмийн тогтолцоо дутмаг. Иймээс  хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлэхээр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон  Монголын аутизмын холбооны НҮТББ-ын зөвлөх Л.Алтангэрэл нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.  Ингэснээр олон улсын тэр дундаа Япон улсын хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхэдтэй харилцах, хөгжүүлэх туршлагыг судлан, боловсролын байгууллагад болон нийгэмд үе шаттайгаар нутагшуулах боломжтой боллоо.

Монгол Улсад 0–18 насны 14609 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас 2395 нь аутизмын хүрээний эмгэгтэй гэж бүртгэгдсэн мэдээлэл бий. Гэвч энэ нь албан ёсны тоо биш гэдгийг Монголын аутизмын холбооны НҮТББ-ын зөвлөх Л.Алтангэрэл хэлж байлаа.

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Уг хөтөлбөрийн хүрээнд хүртээмжтэй сургалтын орчин, дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулна. Багш, мэргэжилтний мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх, харилцан суралцах орчныг бүрдүүлнэ. Мөн сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйг шинэчлэх, хүүхэд төвтэй сургалтын загварыг нэвтрүүлэх юм. Түүнчлэн аутизмтай хүүхдийн талаарх нийгмийн эерэг ойлголт, хүлээн зөвшөөрлийг нэмэгдүүлэхээр зорьж байна” гэдгийг онцоллоо.

Ташрамд, аутизмын хүрээний эмгэг бол хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч боловсруулах чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг юм. Аутизмын шалтгааны талаар одоогоор шинжлэх ухаан нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байгаа бөгөөд тархины үйл ажиллагааны саатлын улмаас үүдэлтэй гэдэг дээр эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсээр байна. Аутизм нь дотроо олон төрөл, хэлбэртэй байдаг учраас бүгдийг нь нэгтгэн “Аутизмын Хүрээний Эмгэг” гэдэг тодорхойлолтоор нэрлэдэг бөгөөд энэ нэршлийн дор “сонгодог аутизм”, “хөнгөн хэлбэрийн аутизм”, “аспергерийн хам шинж” гэх зэргийн олон төрлийн аутизм багтдаг. Манай улсад энэ төрлийн эмгэгийн талаарх дата мэдээлэл хангалттай бус байдаг байна.


Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ  
Үзсэн: 139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй