Шууд Chart

Универсиад наадмын 8 дахь өдрийн тойм

2017-08-28 16:19:38

Хөнгөн атлетик:

Универсиад наадмын 9 дэх өдөр хөнгөн атлетикийн тамирчид хагас марафоны ганцаарчилсан болон багийн төрөлд уралдлаа. Ганцаарчилсан төрөлд Ц.Бямбажав 1:09:14 секундын амжилтаар шагналт 7-р байрт, Д.Гантулга 1:12:15 секундын амжилтаар 22-байрт, Н.Мөнхбаяр 1:14:29 секундын амжилтаар 27-р байрт, Б.Суврагахайрхан 1:29:27 секундын амжилтаар 40-р байрт тус тус шалгарсан бол О.Болдоо замаа дуусгаж чадалгүй хасагдсан байна. Багийн нийлбэр дүнгээр Монголын баг шагналт 4-р байранд дахин шалгарч 2015 оны БНСУ-ын Гуанжоу хотноо болсон Универсиадын амжилтаа бататгалаа. Энэ зайн тэргүүн байрт Япон улсын тамирчид шалгарсан бол ӨАБНУ, Туркийн багууд удаах байруудад шалгарчээ. 

Гольф:

Универсиад наадмын гольфийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж байгаа монгол улсын тамирчин А.Энэрэл тэмцээний 3 тойргийн тоглолтын дараа 101+96+94=291 оноотой, Н.Намуунаа 99+96+105=300 оноо авч нүхээ дуусгасан байна. Тамирчдын 4 тойргийн тоглолт явагдаж байхад ширүүн бороо үргэлжлэн орсон тул тэмцээний дүрмийн дагуу оноог тооцохгүйгээр тэмцээнийг зогсоожээ. 

Бильярд: 
Зуны спортын 29-р Универсиад их наадмын пүүл бильярдын төрлийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монгол улсын тамирчин, спортын мастер Баярсайханы Нарантуяа мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр тэрээр “Тайпэй-2017” Универсиад наадмаас медаль хүртсэн Монгол улсын 2 дахь тамирчин боллоо. Б.Нарантуяа шигшээ шатандаа Тайваны тамирчин Чэн Чин Ку-д 9:6-н харьцаатайгаар хожигдсон байна. Б.Уянгын хувьд хүрэл медалийн төлөө Тайваны тамирчин Зи Тин Вутай тоглож хожигдсоноор шагналт 4 дүгээр байрт шалгарлаа.

Ширээний теннис:
Энэ өдөр эрэгтэй хосын тэмцээн явагдаж Б.Өнөболд. Т.Барсболд нар шилдэг 16-д шалгарах эрхийн төлөө Австри улсын тамирчин Чен Ао Александр, Феппер Симон нартай тоглож, 33 үеийн тоглолтод :0-н харьцаатай хожигдсон. Эмэгтэй хосын төрөлд манай улсын залуу тамирчид болох Б.Урантогос, Г.Индра мөн шилдэг 16-д шалгарах эрхийн төлөө Японы хос Андо Минами, Сузуки Рика нарт 3:0-н харьцаатай хожигдсоноор хосын төрөлд өрсөлдөж байгаа монголын тамирчид тэмцээнээ дуусгаж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Универсиад наадмын 8 дахь өдрийн тойм  
Үзсэн: 1489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй