
Дэлхийн оюутан залуучуудын зуны спортын Универсиад наадмын пүүл бильярдын тэмцээн 4 дэх өдрөө үргэлжилж, эрэгтэйчүүдийн хосын төрөлд монголын улсын тамирчин О.Баасандорж, С.Мянганбаяр нар шилдэг 4-т шалгарах эрхийн төлөө наадмыг зохион байгуулагч орон Тайванийн хүчтэй хостой өрсөлдсөн юм. Энэ тоглолтод пүүл бильярдын 9 бөмбөгтэй болон 10 бөмбөгтэй тоглолтын дэлхийн аварга Ко Пи-Юу, Ко Пин-Чун нар 11:5-ны харьцаатай хожлыг авсанаар Универсиад наадмын хагас шигшээд өрсөлдөх эрхтэй боллоо.
Бильярдын тэмцээн монголын тамирчдын өрсөлдөж байгаа сүүлийн тэмцээн юм. Манай улсаас 2017 оны универсиад наадамд спортын 9 төрлөөр 51 тамирчин өрсөлдсөн билээ. Эмэгтэйчүүдийн хосын төрлийн хагас шигшээ шатны тоглолтод Универсиад наадмын ганцаарчилсан төрөлд мөнгөн медалийн болзол хангасан Б.Нарантуяа, 4-р байрт шалгарсан Б.Уянга нар мөн л тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч, Тайванийн шилдэг тамирчидтай учраа тааран тоглолоо. Энэ тоглолтод Вей Зу-Чен, Күо Шу-Тин нар 9:2-ын харьцаатай хожлыг авсанаар Л.Баттулга дасгалжуулагчтай монгол улсын хос спортын мастер Б.Уянга, Б.Нарантуяа нар маргааш универсиад наадмын хосын төрлийн тэмцээний хүрэл медалийн төлөө тоглохоор болж байна.
Дэлхийн оюутан залуучуудын 2017 оны Универсиад их наадамд энэ жил дэлхийн 5 тивийн 162 орноос 12.500 орчим тамирчин төлөөлөгч хүрэлцэн ирж, нийт 7.746 тамирчин 271 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Спортын 19 төрлөөр үргэлжлэн явагдаж байгаа энэ наадмаас одоогоор 167 багц медалийн эзэд тодорч, 58 орны баг тамирчид медаль хүртжээ. Тэднээс Япон улсын баг тамирчид 78 медаль (30 алт, 20 мөнгө, 28 хүрэл) хүртсэн амжилтаараа медалийн тоо болоод чанараар бүх багуудыг хошуучилж байна. Харин өмнөх универсиад наадмыг зохион байгуулсан орон БНСУ-ын баг тамирчид 71 медаль (27 алт, 18 мөнгө, 26 хүрэл) зохион байгуулагч орон Хятадын Тайвань 67 медаль (18 алт, 28 мөнгө, 21 хүрэл) хүртсэн үзүүлэлтээр удаах байруудад бичигдэж байна. Харин монгол улсын баг тамирчид 2 мөнгө медаль хүртсэн амижлтаар 44–р байрт эрэмбэлэгдэж байна.
Монголын тамирчид универсиад наадмын хүрэл медалийн төлөө тоглоно | ||
Үзсэн: 2272 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.