Шууд Chart

Монголын хос Универсиад наадмын хүрэл медалийн эзэн боллоо

2017-08-29 16:34:08

Дэлхийн оюутан залуучуудын 2017 оны зуны спортын универсиад их наадмын тэмцээн уралдаанууд өнөөдөр сүүлийн буюу 10 дахь өдрөө үргэлжилж, медалийн эзэд тодорсоор байна. Монголын баг тамирчдын өрсөлдөж байгаа сүүлийн тэмцээн пүүл бильярдын тэмцээн өнөөдөр мөн сүүлийн өдрөө үргэлжлэн явагдлаа. Зуны спортын 29-р Универсиад наадмын пүүл бильярдын тэмцээн ийнхүү 5 дахь өдрөө үргэлжилж, эрэгтэй, эмэгэтэй хосын төрлийн медалийн эзэд тодорсон юм. Эмэгтэйчүүдийн хосын төрөлд Монгол улсын тамирчин Б.Уянга, Б.Нарантуяа нар Сингапурын хос Рүй Еи Он, Вон Ли Тан нартай учраа тааран тоглож, 9:3-ын харьцаатай өрсөлдөгчөө хожсоноор Универсиад наадмын хүрэл медалийг хүртлээ. Энэ төрлийн аваргын төлөөх тоглолтод манай улсын тамирчдыг хагас шигшээд хожсон Тайванийн хос БНСУ-ын хосыг 9:3-ын харьцаатай ялж, алтан медалийн эзэн болжээ.

Монголын покет бильярдын холбооны ЕНБД, монголын пүүл бильярдын шигшээ багийн дасгалжуулагч Лхамсүрэнгийн Баттулга энэ тоглолтын талаар сэтгэгдлээ хэлэхдээ "Манай тамирчид энэ наадамд арвин амжилт гаргаж, монголын багийнхаа медалийн тоог хоёроор ахиулж чадсандаа баяртай байна. Энэ амжилтыг гаргахад гол нөлөө үзүүлсэн 2 тамирчнаараа бахархаж байна. Мөн Монголын покет бильярдын холбооны хамт олон, тамирчдын маань гэр бүл энэ амжилтад хамгийн их нөлөөтэй. Та бүхэндээ баярлалаа. Тоглолтын хувьд манай тамирчид хожино гэсэн бүрэн итгэлтэй гарсан. Энэ итгэл, урам зоригоороо явсаар хожиж чадлаа. Энэ наадмын ганцаарчилсан тоглолтод манай тамирчид 2, 4-р байрт шалгарсан учраас тэр эрчээрээ шилдэг тоглолтоо гаргаж, өрсөлдөгчөө хожиж чадлаа. Тайванийн хүчирхэг багтай хагас шигшээд таараагүй бол мөнгөн медаль ч хүртэх боломж бүрэн байлаа. Гэхдээ дэлхийн хэмжээний энэ том наадмаас 2 медаль хүртэнэ гэдэг бахархах, баярлах ёстой үйл явдал. Дээрээс нь Монголын эмэгтэй тамирчид пүүл бильярдын төрлөөр анхны олон улсын медалиа хүртэж, монголын пүүл бильярдын спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж чадлаа. Цаашдаа олон улсын хэмжээний томоохон тэмцээнүүд олон байна. Энэ онд ОХУ-ын Москва хотод залуучуудын ДАШТ болно. Өмнө жил бид энэ тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн учраас амжилтаа ахиулахыг хичээж, цаашдаа энэ тэмцээндээ гол анхаарлаа хандуулах болно." гэлээ. 

Спортын мастер Баярсайханы Нарантуяа энэ удаагийн Универсиад наадмаас ганцаарчилсан төрөлдөө мөнгөн медаль, хосын төрөлдөө хүрэл медаль хүртсэнээр ийнхүү хос медальтай өөрийн эх орондоо буцахаар боллоо. Монгол улсын засгийн газраас мөн 2017 оны Универсиад наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 30 сая төгрөг, мөнгөн медаль хүртсэн тамирчинд 15 сая төгрөг, хүрэл меадль хүртсэн тамирчинд 10 сая төгрөг олгож, урамшуулах юм. "Таны төлөө, залуусын төлөө" уриатай энэ удаагийн Универсиад наадамд дэлхийн 162 орны 7.746 тамирчин спортын үндсэн 19 төрлөөр өрсөлдөж, 271 багц медалийн эздийг тодруулахад 65 орон л медаль хүртэж чадсан юм.  Монголын баг тамирчдын хувьд энэ удаагийн Универсиад наадмыг 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар дуусгаж, багийн дүнгээр 47-р байрт эрэмбэлэгджээ. Универсиад наадмын хаалтын ажиллагаа маргааш Тайпей хотын төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Монголын хос Универсиад наадмын хүрэл медалийн эзэн боллоо  
Үзсэн: 2864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.117.xxx] 2017-08-29 18:17
Wow, manai Otgontenger ikh surguuliin ene jiliin tugsugch maani baina shdee. Narantuyadaa undruus undur amjiltiig khuseye. Mundag shuu. Bayar khurgeye

Бидэнтэй нэгдээрэй