Шууд Chart

Италийн шигшээ баг Бразилчуудыг хожлоо

2017-09-14 16:47:47

ОУВХ-ноос  1993 оноос хойш зохион байгуулж байгаа “Дэлхийн аваргуудын цом” тэмцээн энэ жил уламжлал ёсоор Япон улсад зохиогдож байна. 4 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг энэ тэмцээнд дэлхийн шилдэг 6 орны эрэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдөж цомын эзнээ тодруулдаг уламжлалтай. Тэмцээнд тив тус бүртээ чансаагаараа тэргүүлж байгаа шилдэг багуудаас гадна тэмцээнийг зохион байгуулдаг орон Японы шигшээ баг ямар нэгэн шалгуургүйгээр оролцдог журамтай юм.

Энэ жилийн хувьд Өмнөд Америк тивээс Бразил, Хойд Америкаас АНУ, Европ тивээс Франц, Итали, Ази тивээс Иран болон тэмцээнийг зохион байгуулагч орон Японы шигшээ баг гэсэн 6 баг тойргоор өрсөлдөж байна. 7 дахь удаагийн “Дэлхийн аваргуудын цом” тэмцээний 2-р тойргийн хүрээнд өнөөдөр энэ тэмцээнд өрсөлдөж байгаа 6 багийн хооронд 3 тоглолт боллоо.

Энэ өдөр Японы Нагояа хотноо Бразил болон Италийн шигшээ багууд учраа тааран тоглолоо. “Дэлхийн аваргуудын цом” өмнө нь 6 удаа зохион байгуулагдахад Бразилийн шигшээ баг 4 удаа түрүүлж, 2 удаа мөнгөн медаль хүртэж байсан шилдэг амжилттай. Италийн шигшээ багийн хувьд энэ тэмцээн анх 1993 онд зохиогдоход аваргын цомыг нь хүртэж байсан билээ. Өнгөрсөн зуны Риогийн олимпийн наадмын мөнгөн медальт, Дэлхийн 3 удаагийн аварга Италийн шигшээ багаас энэ тоглолтод Лука Веттори 27 оноо, Флиппо Ланза 21 оноо авч шилдэг тоглолтоо үзүүлсэн байна. Тэгвэл Олимпийн наадмын 3, дэлхийн 3 удаагийн аварга, Дэлхийн цомын 2, дэлхийн лигийн 9 удаагийн аварга Бразилын шигшээ багаас Уоллес де Соуза 19 оноо, Рикардо Лукарелли 17 оноо авчээ. Улмаар энэ өдөр Италийн шигшээ баг 5 үеийн тоглолтод 3:2-ын харьцаатай хүчтэй өрсөлдөгчөө хожиж, тэмцээний эхний хожлоо авлаа.  

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Италийн шигшээ баг Бразилчуудыг хожлоо  
Үзсэн: 1191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй