Шууд Chart

Сингапурын "Гран-При"-д Хэмилтон түрүүллээ

2017-09-19 16:34:24

Авто уралдааны хаан “Формула-1” ангиллын ДАШТ-ий 2017 оны улирлын 14 дэх гараа Сингапурын “Гран-Фри” болж өндөрлөлөө. “Формула-1” ангиллын 71 дэх удаагийн ДАШТ-ий 14 дэх гарааны уралдаанд дэлхийн шилдэг 20 нисэгч гараанаас гаран уралджээ.

Сингапурын “Гран-Фри”-д энэ оны дэлхийн аваргад оролцож байгаа нисэгчид 58 тойрог үргэлжлэх 293 км замд хурд сорьсон. Байршил тогтоох уралдаанд түрүүлж, “поль посишн” хийх эрхээ аваад байсан “Феррари” багийн Герман нисэгч Себастиан Веттел энэ уралдаанийг тэргүүлэн гарсан. Энэ жилийн аваргын төлөөх өрсөлдөөн Себастиан Веттел болон Их Британийн алдарт тамирчин Льюс Хэмилтон нарын хооронд өрнөх нь тодорхой болоод байгаа юм. Энэ өдөр Веттел уралдаанаа маш сайн эхлүүлж, эхний эргэлт гэхэд “Ред Булл” багийн Макс Верстаппены хамтаар уралдааныг өнгөлж байсан. Гэсэн ч эхний тойргийн эргэлт дээрээ зүүн эргэхдээ өөрийн болоод багийн хамтрагч Кимми Райкконен, “Ред Булл” багийн Макс Верстаппен нарын алдаанаас болж, осолджээ. Испанийн “Феррари” багийн 2 нисэгч ийнхүү замынхаа эхэнд осолдсон нь уралдааны үр дүнд шууд нөлөөлж, хэд хэдэн нисэгч уралдаанаас хасагдсан. Тэдний дунд “МкЛарен-Хонда” багийн Испани нисэгч, дэлхийн 2 удаагийн аварга Фернандо Алонсо өртсөнөөр мөн уралдааныг эхний тойргоос дуусгажээ.

Энэ үеэр уралдааны 5-р байрт явж байсан Льюс Хэмилтон өөрт олдсон боломжоо ашиглаж, тэргүүллийг авсан байна. Улмаар дэлхийн 3 удаагийн аварга, Германы “Мерседес” багийн алдарт тамирчин Льюс Хэмилтон тэргүүллээ алдалгүй явсаар 1 цаг 48 минутын хугацаанд замаа дуусгаж, тэргүүн байрт барианы зурвасыг давжээ. 2-р байрт “Ред Булл” багийн Австрали нисэгч Даниел Рикардо хурдалсан байна. Тэгвэл 3-р байрт Германы алдарт “Мерседес” багийн өөр нэгэн шилдэг тамирчин, Финляндын Валттери Боттас барианд орсоноор “Мерседес” багийн 2 нисэгч энэ өдөр шагналын тавцанд хамтдаа зогсох эрхтэй болсон. Энэ өдөр гараанд гарсан 20 нисэгчийн 8 нь осолдож, 12 нь барианд оржээ.

Их Британийн алдарт тамирчин Льюс Хэмилтон ийнхүү энэ оны 7 дахь түрүүгээ хүртсэнээр нийтдээ 263 оноотой болж, тэргүүлэгчийн байр сууриа хадгалан үлдлээ. Тэрээр эхний 13 гарааны дараах байдлаар Себастиан Веттелээс ердөө 3 онооны илүүтэй энэ оны ДАШТ-ийг нийлбэр оноогоор тэргүүлж байсан бол өнөөдрийн уралдаанд Веттел хасагдаж, Хэмилтон тэргүүлэгчийн бүтэн 25 оноогоо авсанаар ардаа бичигдэж байгаа Себастиан Веттелээс 28 онооны илүүтэй боллоо. Нийлбэр оноогоор 3-р байрт түүний багийн хамтрагч Валттери Боттас 212 оноотой бичигдэж байна.

“Формула-1” ангиллын ДАШТ энэ онд мэдээж дүрэм ёсоор 20 гарааны уралдаан болж нийлбэр оноогоор аваргаа тодруулна. Одоогоор тэмцээний аварга тодроход 6 “Гран-При” үлдлээ. Дараагийн буюу 15 дахь гараа Малайзын “Гран-При” ирэх 10-р сарын 1-ний өдөр болно. Харин сүүлийн буюу 20 дахь гараа уламжлал ёсоор АНЭУ-ын Абу Даби хотноо болж, авто уралдааны хаан спортын 2017 оны дэлхийн аварга нисэгч тодрох юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Сингапурын "Гран-При"-д Хэмилтон түрүүллээ  
Үзсэн: 1330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй