Шууд Chart

Иранчууд анх удаа хүрэл медаль хүртлээ

2017-09-19 16:51:53

ОУВХ-ноос 1993 оноос хойш зохион байгуулж байгаа “Дэлхийн аваргуудын цом” тэмцээн энэ жил уламжлал ёсоор Япон улсад зохиогдож, 6 өдрийн турш үргэлжилсэний эцэст аваргаа тодруулсан байна. 4 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг энэ тэмцээнд дүрэм ёсоор дэлхийн шилдэг 6 орны эрэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдсөн юм. Ингээд та бүхэнд 2017 оны “Дэлхийн аваргуудын цом” тэмцээний сүүлийн буюу 5-р тойргийн хүрээнд болсон тоглолтуудын тоймыг хүргэе.

“Дэлхийн аваргуудын цом” тэмцээнд тив тус бүртээ чансаагаараа тэргүүлж байгаа шилдэг багуудаас гадна тэмцээнийг зохион байгуулдаг орон Японы шигшээ баг ямар нэгэн шалгуургүйгээр оролцдог журамтай юм. Энэ жилийн хувьд Өмнөд Америк тивээс Бразил, Хойд Америкаас АНУ, Европ тивээс Франц, Итали, Ази тивээс Иран болон тэмцээнийг зохион байгуулагч орон Японы шигшээ баг гэсэн 6 баг тойргоор өрсөлдөж, 5 тойргийн тоглолтын дараах нийлбэр дүнгээр медалийн эзэд тодорчээ. 7 дахь удаагийн “Дэлхийн аваргуудын цом” тэмцээний эхний 2 тойргийн тоглолт Японы Нагояа хотноо болсон бол Осака хотод сүүлийн 3 тойргийн тоглолт явагдсан.

Шийдвэрлэх 5-р тойргийн тоглолтод Ази тивийн төлөөлөл Ираны шигшээ баг Францын шигшээ багтай учраа таарч, багууд тэмцээний сүүлийн тоглолтоо хийсэн байна. Энэ тоглолтод Ираны шигшээ баг өрсөлдөгчөө хожвол хүрэл медалийн болзол хангах боломжтой байсан. Францын багийн хувьд 1 хожил, 3 хожигдолтой тэмцээнээ үргэлжүүлж байсан. Тэднээс энэ тоглолтод Тревер Клевенот 25 оноо, Стефен Бойе 21 оноотой авч багаа тэргүүлсэн бол Францын багийн бусад залуусын тоглолт хангалтгүй байсан юм.

Ираны шигшээ багийн хувьд өмнөх тоглолтууддаа АНУ, Япон, Италийн багуудыг хожиж, Бразилийн шигшээ багт хожигдоод байсан юм. Тэднээс энэ өдөр 5 тоглогч нь 10-с дээш оноонд хүрсэн байна. Тэр дундаа багийн шилдэг довтлогч Амир Гафоур онцгой сайн байж 24 оноо авсан бол Сэеид Ираги 20 оноо, Мохаммадьевэд Манавинежад 19 оноо, Милад Эбадипоур, Саман Паэзи нар 12 оноо авчээ. Улмаар Иранчууд 5 үеийн тоглолтод 3:2-ын харьцаатай өрсөлдөчгөө хожиж, хүрэл медалийн болзол хангаснаар “Дэлхийн аваргуудын цом” тэмцээнээс анхны медалиа хүртэж, шигшээ багийнхаа хувьд түүхэн амжилт гаргалаа. Ираны баг өмнө нь 2009 онд 5-р байрт, 2013 онд 4-р байрт шалгарч байсан бол энэ онд амжилтаа ахиулж, ийнхүү 3-р байр эзэллээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Иранчууд анх удаа хүрэл медаль хүртлээ   
Үзсэн: 1431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй