Шууд Chart

Италийн баг мөнгөн медалийн эзэн боллоо

2017-09-19 16:56:47

ОУВХ-ноос 1993 оноос хойш зохион байгуулж байгаа “Дэлхийн аваргуудын цом” тэмцээн энэ жил уламжлал ёсоор Япон улсад зохиогдож, 6 өдрийн турш үргэлжилсэний эцэст аваргаа тодруулсан байна. 4 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг энэ тэмцээнд дүрэм ёсоор дэлхийн шилдэг 6 орны эрэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдсөн юм. “Дэлхийн аваргуудын цом” тэмцээнд тив тус бүртээ чансаагаараа тэргүүлж байгаа шилдэг багуудаас гадна тэмцээнийг зохион байгуулдаг орон Японы шигшээ баг ямар нэгэн шалгуургүйгээр оролцдог журамтай юм. Энэ жилийн хувьд Өмнөд Америк тивээс Бразил, Хойд Америкаас АНУ, Европ тивээс Франц, Итали, Ази тивээс Иран болон тэмцээнийг зохион байгуулагч орон Японы шигшээ баг гэсэн 6 баг тойргоор өрсөлдөж, 5 тойргийн тоглолтын дараах нийлбэр дүнгээр медалийн эзэд тодорчээ. 7 дахь удаагийн “Дэлхийн аваргуудын цом” тэмцээний эхний 2 тойргийн тоглолт Японы Нагояа хотноо болсон бол Осака хотод сүүлийн 3 тойргийн тоглолт явагдсан.

Энэ өдөр Осака хотноо болсон 2 дахь тоглолт Олимпийн наадмын 3, дэлхийн цомын 2 удаагийн аварга, дэлхийн аварга АНУ-ын шигшээ баг болон Италийн шигшээ багуудын хооронд өрнөсөн. Италийн шигшээ багийн хувьд тэмцээний эхний 4 тоглолтынхоо 3-т нь хожоод байсан бол АНУ-ын баг 2 хожиж, 2 хожигдоод байсан. Энэ тоглолтод Америкийн багаас Аарон Расселл, Бенжамин Пэйтч нар 16 оноо авсан байна. Тэгвэл Өнгөрсөн зуны Риогийн олимпийн наадмын мөнгөн медальт, Дэлхийн 3 удаагийн аварга Италийн шигшээгийн залуус багаараа жигд сайн тоглолтыг үзүүлж байлаа. Тэднээс багийн шилдэг довтлогч Филиппо Ланза 16 оноо, мөн Олег Антонов, Лука Веттори нар 10-с дээш оноо авчээ. Улмаар Италичууд 4 үеийн тоглолтод 3:1-ийн харьцаатайгаар өрсөлдөгчөө хожээ.

Европ тивийн аварга Италичууд ийнхүү 2017 оны “Дэлхийн аваргуудын цом” тэмцээний 4 дэх хожлоо авсанаар тэмцээний мөнгөн медалийн болзолыг хангасан юм. Тэд өмнө нь энэ тэмцээнд 3 удаа эрхээ аван оролцохдоо 1993 онд алтан медаль, 2005, 2013 онуудад хүрэл медаль хүртэж байсан юм. Харин энэ онд анх удаа мөнгөн медаль хүртэж, 2013 оны амжилтаа ахиулсанаар энэ тэмцээнээс 4 дэх медалиа хүртлээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Италийн баг мөнгөн медалийн эзэн боллоо  
Үзсэн: 1010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй