Шууд Chart

Э.Тэмүүжин дэлхийн хос медальтан боллоо

2017-11-03 17:57:05

Манай улсад шинэ тутам, эрчимтэй хөгжиж буй спортын төрлүүдийн нэг пүүл бильярдын спортоор монголын тамирчид олон улс, тив дэлхийн хэмжээнд гаргасан амжилтаа ахиулан бататгасаар байна. ОХУ-ын нийслэл Москва хотноо Пүүл бильярдын спортын 9 бөмбөгтэй төрлийн залуучуудын ДАШТ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аваргын 17 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль хүртэж, манай улсын тамирчдаас пүүл бильярдын спортын дэлхийн гэх тодотголтой тэмцээний анхны медалийг нь эх орондоо авчирч байсан залуу тамирчин Энхболдын Тэмүүжин энэ жилийн залуучуудын дэлхийн аваргын 19 хүртэлх насны ангилалд оролцсон байна. Тэрээр энэ удаад дахин аваргын төлөө шалгаран өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэнээр монголын бильярдын спортын түүхэнд дахин нэг шинэ хуудсыг нээж дэлхийн залуучуудын АШТ-ий хос медальтан боллоо.

Дэлхийн пүүл бильярдын холбооноос 2017 оны залуучуудын ДАШТ-ийг 10-р сарын 29-нөөс 11-р сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Тэмцээн эрэгтэйчүүдийн 17 болон 19 хүртэлх нас, эмэгтэйчүүдийн 19 хүртэлх нас гэсэн 3 ангиллаар зохион байгуулагдаж, залуу дэлхийн аваргуудаа тодруулжээ. Энэ жилийн тэмцээнд дэлхийн хамгийн шилдэг 68 залуу тамирчин 22 орноос хүрэлцэн ирж, оюун ухаан, ур чадвараа сорьсон байна.

2017 оны дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн 19 хүртэлх насны ангилалд 24 тамирчин өрсөлдсөн. Энэ ангилалд манай улсаас Монголын поккет бильярдын холбооны ЕНБД, дасгалжуулагч багш Лхамсүрэнгийн Баттулгын удирдлага дор 2 тамирчин оролцлоо. “Шаянь” клубын тамирчин Цэвээннамжилын Тайванбат тэмцээний эхний өдөр хэсгийн 1-р тойргийн тоглолтдоо Аргентин улсын тамирчин Грошаусд хожигдсоноор, горьдлогын тоглолтод шилжсэн байна. Ц.Тайванбат энэ тоглолтдоо ОХУ-ын Иляа Никлееновт ялагдсанаар энэ жилийн дэлхийн аваргыг дуусгасан юм.

Өнгөрсөн 2016 онд БНХАУ-ын Шанхай хотноо зохиогдсон пүүл бильярдын 9 бөмбөгтэй төрлийн залуучуудын ДАШТ-ий 17 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль хүртэж байсан “Метро пүүл" клубын залуу тамирчин Энхболдын Тэмүүжин энэ жил залуучуудын дэлхийн аваргын 19 хүртэлх насны ангилалд оролцлоо. Э.Тэмүүжин эхний тойрогтоо Япон улсын тамирчин Сүгаяамаг 9:7-н харьцаатай хожсон ч 2-р тойрогтоо ОХУ-ын шилдэг тамирчин Фёдор Горстод хожигдож, горьдлогын тойрогт шилжжээ. Горьдлогын тоглолтын эхний тойрогтоо Японы Танакаг 9:8, 2-р тойрогтоо Аргентины Аяалаг 9:7, 3-р тойрогтоо мөн Аргентины тамирчин Алексис Грошаусыг 9:5-ын харьцаатай 3 тойргийн тоглолтод дараалан хожиж, шөвгийн 8-д шалгарсан байна.

Шөвгийн 8-н тоглолтдоо Э.Тэмүүжин ОХУ-ын Егор Трифоновыг 11:8-ын харьцаатай буулган авч, тэмцээний шилдэг 4 тамирчны нэгээр тодорсон. Улмаар хагас шигшээ шатны маш чухал тоглолтдоо Э.Тэмүүжин Нидерландын Ван Лиеропыг 11:6-ын харьцаатай хожиж, 2 дахь жилээ дараалан дэлхийн аваргын шигшээ тоглолтод шалгарсан юм. Манай улсын тамирчин ийнхүү нийт 7 тоглолт хийн аваргын төлөө тоглохоор шалгарсан бол нөгөө талаас ОХУ-ын Фёдор Горст шигшээ шатанд шалгараад байлаа. ОХУ-ын шилдэг тамирчинтай энэ тэмцээнд ийнхүү 2 дахь удаагаа таарч, шигшээ тоглолтод 11:3-ын харьцаатай хожигдсоноор Э.Тэмүүжин тэмцээний 19 хүртэлх насны ангиллын мөнгөн медалийг хүртжээ. Ингэснээр өдгөө 18 настай залуу тамирчин Энхболдын Тэмүүжин залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт тамирчин боллоо. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Э.Тэмүүжин дэлхийн хос медальтан боллоо  
Үзсэн: 4776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй