Шууд Chart

Хар гэрийн хаалгыг татуулж явсан Богд Чингис дууны түүх ба Өвөрмонголын нэрт дуучин Эрдэнэ-Уулыг зорьсон нь…

2023-12-08 15:10:35

Цас шуурч жавар тачигнасан өдрүүдэд гэрээсээ гарсан би хоёр өдөр, гурван шөнө замд явсны эцэст намрын наран ээсэн налгархан өдөр зорьсон газраа хүрлээ.

Энэ бол БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ухай хот. Учир нь энд сэтгэл шулуудаж, зориг гарган ирсэн хүндэт зочин минь амьдардаг. Түүний нэр Эрдэнэ-Уул. Цагтаа Өвөрмонголын нэгдүгээр дэсийн дуучин явсан хүн. Явсан гэдгийн утгыг одоо тайлъя. Магадгүй энэ миний 2500 км замыг туулж түүнийг зорин ирсэн шалтгаан болсон байх…

Хар багаасаа дуучин болох хүсэлдээ автагдан урлагийн замтай амьдралаа холбосон Эрдэнэ-Уул нэрд гарахын тулд чадахаараа хичээсэн. Тиймдээ ч 45 нас хүртлээ архийг огт амсаагүй гэдэг. Шалтгаан нь, өөрийг нь амжилтад хүрэхэд саад болох хүчин зүйлсийн нэг нь архи гэж тэр үздэг байж. Ингээд хичээсэн бас зүтгэсэн. Тиймдээ ч Өвөрмонголынхоо нэгдүгээр дэсийн дуучин болж мандаж чадсан. Дэс гэдэг нь манайхаар бол урлагийнхны цол зэргэмийн хэмжээс.

ХАР ГЭРИЙН ХААЛГЫГ ТАТСАН ТҮҮХ…

Бидний мэдэх Өвөрмонголчууд хэзээнээсээ монголын үүх түүх, өв соёл, ёс заншилдаа хайртай ард түмэн. Үүнийгээ ч өөрсдийн өдөр тутмын амьдрал ахуйгаараа харуулж чадаж яваа нэгэн. Түүний тод илэрхийлэл бол миний зочин. Хаа явсан газраа монгол үндэстнээ сурталчилж тэр дундаа эзэн Чингис хаанаа дээдлэн шүтэж, магтан дуулж явсан нэгэн юм.

1979 онд Богд Чингис нэртэй дууныхаа үг, аяыг өөрөө зохиож, өөрөө дуулж тэр нь Өвөрмонгол даяар хит болжээ. Гагцхүү уг дуугаараа тэр олонд танигдсан гэхэд хилсдэхгүй. Харамсалтай нь түүний энэ алдар нэр урт удаан үргэлжлээгүй, нэг л өдөр бүгд сарнин одож, тэр бүр хар гэрт оржээ…

1980-аад онд Өвөрмонголын томоохон хотод оюутнуудын том жагсаал болоход энэ дуу сүлд дуу нь болон дуулагдаж байж. Манайхаар бол яг л 1990 онд ардчилсан хувьсгалын хөдөлгөөн өрнөж, Хонхны дуу хүчээ авч байсан цаг шиг. Жагсаал цуглаан дуусаж, хожим амар тайван цаг ирэхэд нэгэн өдөр Уул гуайг цагаан сарын нэвтрүүлэгт ирж оролцооч гэж урьж. Мань хүн давхиж очоод Богд Чингис дуугаа дуулах гэсэн ч зохион байгуулагчдьн зүгээс эсэргүүцэж, хэрүүл тэмцэл болж л дээ. Удтал маргалдсаны эцэст тэр хүссэн дуугаа дуулаад, бичлэгтээ орчихоод яваад өгч. Баярын тусгай дугаар улс даяар цацагдахад баахан бүжиг үсэргээн дундуур Хятадын хоёр, Өвөрмонгол нэг дуу дуулагдсан нь Богд Чингис байж. Ингээд тухайн үед харьяалагдаж байсан нам засгийн хороон дарга нь утас цохин дуудаж баахан зэмлэсэн гэдэг. Уул ч тэссэнгүй өөдөөс нь үг сөрж, харааж орхиж л дээ. Мэдээж тэр улсад нам төрийн тушаал шийдвэр гэдэг хууль болсон хойно даргын ганц чадах зүйл нь түүний дэс зэргийг хураах байж. Сөргөлдөөд ялагдсан ч тэр дарга Уулын нэгдүгээр дэсийн дуучин гэх зэргийг нь хүчингүй болгож чадсан гэнэ.


Тэрбээр уг дууг зохиосон түүхээ хуваалцахдаа ихэд гуниглана. Учир нь ганц энэ дуутай холбогдох аз жаргалтай хийгээд хар бараан түүх түүний амьдралд арвин. Шинэхэн, залуухан уран бүтээлч нэг шөнө урт сахалтай, цав цагаан хувцастай өвгөн зүүдэлж. Толгой дээр нь суучихаад түүнд ямар нэг зүйлийг захиад байх шиг байсан гэнэ.

“Би тухайн хүнийг Чингис хаан гэж боддог. Тэр хүүдээ өөрийг нь мартаж болохгүйг сануулсан байх. Тэгээд гэртээ ирээд шууд түүхч багштайгаа уулзаж, Монголын нууц товчоо номыг түүнээс аваад хэдэнтээ уншсан. Учир нь Чингис хаан гэж нэрийг мэдэх ч яг тэр хүний үүх түүхийг арвин мэдэхгүй. Тиймээс уншиж судалж байгаад нэг л өдөр шүлгээ биччихсэн. Хожим нь ая хийж дуу болгосон. Нэр алдар минь түмэнд түгэж би залуу насныхаа мөрөөдлийг биелүүлсэндээ сэтгэл хангалуун л явлаа. Гэтэл нэг л өдөр энэ бүхэн минь үгүй болж, амжилт бүхэн минь салхинд хийссэн. Ажил мэргэжлээ солих шийтгэл хүртэж, тэгж явахдаа амьд байхгүйн тухай ч бодож явлаа. Учир нь би тэгтлээ туйлдаж байсан. Харин өндөр настай ээж, өсөж яваа бяцхан үр хоёр минь муу бодлыг минь сарниулж намайг тэсэх ёстойг сануулсан даа. Бүх зүйлийн шалтгаан нь миний Богд чингис хэмээх дуутхай минь холбоотой байсан. Ингээд тэссэн, зүтгэсэн муу цаг бүрийг даваад гарсан. Нэгэнт урлагтай холбогдсон хүн өөрийг үнэхээр хийж барамгүй юм билээ. Тэгээд л буцаад уран бүтээлдээ орж яг анхных шигээ дороос нь явсан даа. Яахав ард олны анхных нь хүндлэл байсан юм болохоор босоод л ирсэн. Ганц харамсалтай нь би одоо тэр дуугаа тайзан дээр дуулдаггүй. Болохгүй гэсэн үг. Найрын ширээний ард найз нөхөдтэйгөө л хүссэнээрээ дуулдаг болсон доо” гээд нулимсаа арчиж байлаа.

Алтай хангай газрын өндөр

Агт морь минь эрдэнийг хүлэг

Агуу төрийн эзэн Чингис

Алтан дэлхийн тэнгэрийн хөвүүн

Эзэн чингисийн гавъяа зүтгэл

Энэ дэлхийд цуурайтна гэх гурван бадаг бүхий энэ дуу нээрээ л өдгөө Өвөрмонголчуудын сэтгэлд хадгалагдан үлдсэн, сэм сэмхэн найрын ширээний ард дуулагддаг дуу болжээ.

БАЯРТ ТҮҮХ БУЮУ ДУУНЫХАА ХӨШӨӨГ МОНГОЛ УЛСАД ЗАЛЖ ХҮСЛЭЭ БИЕЛҮҮЛЖЭЭ

Богд Чингис дууныхаа хөшөөг музейд залах хүслийг тэр эртнээс тээжээ. Ингээд 500 кг жинтэй хаш чулууг онцгойлон захиж авчруулж, мэргэжлийн бичээчээр чулуундаа үг, нотыг нь сийлүүлж Ордос хотынхоо Чингис музейд өгсөн байна. Гэтэл удалгүй тус музейг татан буулгах шийдвэр гарч, нэг л өдөр түүнрүү музейгээс утас цохиж хөшөөгөө ирж авахыг дуулгасан гэнэ. Одоо хөшөөгөө яг яадаг билээ гэж бодсоор эцсийн дүнд Монгол Улсын Чингис хаан музейд залахаар зориг шулууджээ. Гэвч энэ амаргүй. Харин сайн санаат хүмүүс түүнтэй таарч, хөшөөг залах бүхий л ажлыг нь гурван сарын хугацаанд базаажээ. Намрын дунд сарын шинийн 15 буюу 2023 оны 9 дүгээр сарын 29-нд тэрээр бага хүүгийн хамтаар Монгол Улсад ирж, Чингис хааны музейд Богд чингис дууныхаа чулуун хөшөөг залсан байна. Энэ бол түүний чинхүү хүсэл байсан бөгөөд Чингис хааныхаа өлгий нутагт нь дэлхийд гайхагдсан музейд нь өөрийн хөшөөгөө залсандаа тун чиг баяртай байлаа.

Би Чингис хааны музейн тухай интернэтээс харж, сонсож байсан. Их сүрдэм сайхан музей байна даа л гэж боддог байлаа. Миний дууны хөшөө тэр музейд залрах тухай зүүдэлж ч явсангүй. Гэхдээ зөв явсны минь шагнал, зөвхөн Монголоо гэх сэтгэлийн минь баталгаа бат илэрхийлэл ингэж л биелсэн. Энэ бол гайхамшиг. Хэдийгээр дуугаа дуулж чадахгүй болсон ч надад одоо харамсах зүйл үгүй гэж өмнөхөн уйлаад ярьж суусан Эрдэнэ-Уул нүүрэндээ инээмсэглэл тодруулан хэллээ.

Манай улсад Чингис хаантай холбогдох дуу хэдэн арваараа бий. Гэхдээ яг хичнээн нь ингэж хөшөөнд мөнхрөөд дэлхий дахины анхаарлыг татсан энэ музейд заларсан байдаг бол. Ийм зоригийг гаргасан хичнээн уран бүтээлч байдаг бол. Харин үүнийг Эрдэнэ-Уул хийж чадсан.


Түүний Хятад нэрийг Ян Шан Бао гэх бөгөөд Ян багш гэж бусад нь авгайлна. Хайртай дуучнаа, хүндэт багшаа хайрлаж хүндлэх түмэн олон нь тойрон хүрээлсэн хэвээр юм билээ. Биднийг Ухай хотод ажиллах хугацаанд Эрдэнэ-Уул гуай хоёр ч тоглолтод уригдав. Нэг нь түүний ажиллаж байсан Улаан мөчирийн ойд зориулсан задгай тоглолт бол өнөөх нь Ахмадын асрамжийн газрынханд зориулсан чөлөөт тоглолт байлаа. Аль өль тоглолтод үзэгчид түүнийг халуун дотноор угтан авах аж. Дуулна бас хөгжимдөнө. 74 настай гэхэд хөнгөн шингэн гэж жигтэйхэн. Дуун дээрээ ч, хөгжимдөхдөө ч өөрөө байнгын бүжээстэй. Тайзан дээрх яг л тэр агшин түүнийг жинхэнэ аз жаргатай болгодог аж. Эрдэнэ-Уул бүх төрлийн үлээвэр хөгжмийг тоглодог. Гэрт нь энэ төрлийн хөгжмийн зэмсэг бүгд бий.

Түүний бас нэг авъяас нь уламжлалт эмийн жор найруулахдаа гаргууд. Үүндээ түшиглээд Богд Чингис дуундаа зориулсан сархадыг бүтээжээ. Орц найрлага, жороос эхлээд лонхыг нь хүртэл бүгдийг өөрөө зохиосон бөгөөд бүр албан ёсны батенттай. Гэхдээ энэ сархад энгийн бусад сархадтай адил лангуу болгон дээр тавигдаад зарагддаггүй. Улсын үйлдвэрт тусгайлан хийдэг уг сархадыг зөвхөн Чингис хааны тахилгын үеэр ашигладаг. Дөрвөн өнгө нь алтан нар, хөх тэнгэр, гал, усыг билэгджээ.

Ийм нэгэн гайхалтай авъяас билэгтэй, гагцхүү Монголоо гэх чин сэтгэлтэй ахмад уран бүээлчтэй уулзаж, түүний амьдрал уран бүтээлийн түүхийг сонссон нь 10 гаруй жил ажилласан сурвалжлагч миний хамгийн нандин хийгээд хамгийн үнэтэй томилолт байлаа. Монгол гэх болгондоо омогшиж, огшиж буй түүнийг хараад би, бид ийм билүү гэж бодох, бас хүү өрөвдөх шиг.

Хадгаар баринтагласан Монголын нууц товчоо, шүншиглэж хадгалсан Чингис хааны зургийг нь хараад хязгаарлагдмал, хагас дутуу эрх чөлөө түүнийг энэ насаар нь дагана гэхээр өөрийн эрхгүй гуниг төрнө…

Т.Одончимэг


Хар гэрийн хаалгыг татуулж явсан Богд Чингис дууны түүх ба Өвөрмонголын нэрт дуучин Эрдэнэ-Уулыг зорьсон нь…  
Үзсэн: 656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй