Шууд Chart

Барроуз гэртээ үлдэж Дейк Токиог зорино

2021-04-05 10:11:03

Чөлөөт бөхийн эх орон АНУ-ын Токиогийн олимпын наадмын сонгон шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 1-3-нд Техас мужийн Форт-Уэрт хотод боллоо.

Хамгийн их анхаарал татсан жин эрэгтэйчүүдийн 74 кг-д “Лондон-2012” олимпын наадмын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Жордан Барроуз дэлхийн хошой аварга Кайл Дейк нарын хооронд боллоо.

Дөрвөн жилийн өмнө нь Рио-д зодоглох эрхийн төлөө барилдаад ялагдаж байсан Дейк энэ удаа даагаа нэхэж 3:0, 3:2-оор ялснаар анхны олимпдоо зодоглох бол алдарт Барроуз гэртээ үлдэнэ.

Түүний тамирчны замналаа өндөрлүүлэх мөч ойртож байна даа. Хүнд жинд хэний ч санаанд ороогүй үр дүнгээр өндөрлөж өсвөр үе, залуучуудын дэлхийн гурван удаагийн аварга Сэм авгын залуу авьяастан Гейбл Стивсон ДАШТ-ий хошой хүрэл медальт Ник Гвяздовскиг 10:0, 10:4-өөр ялж хорьж болдоггүй 20 настайдаа олимпын эрхээ авав.

97 кг-ын жинд олимп, дэлхийн аварга Снайдер аваргаа хамгаалахаар Токиод очихоор боллоо. Уг нь Токиод зодоглохын тулд 92 кг-ын жингээс жин өгсч барилдахаа зарласан дэлхийн хошой аварга Жейден Кокс Снайдерийн дуэлийг бөх сонирхогчид чих тавин хүлээж суусан.

Гэсэн ч Кокс жиндээ хоцорч очсноор мөрөөдлөө биелүүлэх боломжоо дөрвөн жилээр хойшлуулав. Гол өрсөлдөгч нь ирээгүй Снайдер шигшээд Коллин Мурыг 10:0, 5:1-ээр зовлон багатайхан яллаа.

86 кг-д 2018 оны Будапештийн дэлхийн аварга Дэвид Тэйлор Бо Никалаас ганц ч оноо алдалгүй 4:0, 6:0-ээр ялсан.

57 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Томас Гилман ОХУ-ын алдарт бөх Вугар Оружевын хүү Виталий Оружевийг туршлага заан 5:4, 2:2-оор ялж анхны олимпдоо зодоглохоор болов. Уг нь Оружев хагас шигшээд Сэм авгын ирээдүйн од Дэйтон Фиксийг ялж гарч ирсэн юм.

АНУ-ын олимпын эрхээ аваагүй байгаа цорын ганц жинд 65 кг-д 31 настай ахмад бөх Жордан Оливер Жозеф Маккеннаг 3:0, 5:2-оор ялснаар ирэх сард Болгарт болох Дэлхийн тэмцээнээс эрхээ авч байж олимпод явах нь албан ёсоор баталгаажна. Хэрэв авч чадахгүй бол энэ жинд АНУ төлөөлөгчгүй оролцоно гэсэн үг. Эмэгтэй зургаан жинд авах ёстой бөхчүүд нь олимпод оролцох эрхээ халааслав.

“Токио-2020” олимпын наадамд эрхээ авсан АНУ-ын бөхчүүд:

Эрэгтэйчүүдийн 57 кг: Томас Гилман

65 кг: Жордан Оливер

74 кг: Кайл Дейк

86 кг: Дэвид Тэйлор

97 кг: Кайл Снайдер

125 кг: Гейбл Стивсон

Эмэгтэйчүүдийн 50 кг: Сара Хильдбрандт

53 кг: Жакарра Винчестер

57 кг: Хелен Марулис

62 кг: Кайл Миракл

68 кг: Тамира Мынса

76 кг: Аделине Грэй

Нийтэлсэн: У.Баярсайхан

Барроуз гэртээ үлдэж Дейк Токиог зорино  
Үзсэн: 1212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй